Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үхрийн шир 30-40 мянган төгрөгт хүрч, хонины нэхий үнэгүйдэв


Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашиллаа. Яг өдийд хот, хөдөөгийнхөн өвлийн идшээ бэлдэж, мал, махны эрэлд гардаг. Малчид ч ялгаагүй малынхаа махыг боломжийн үнээр борлуулахын хажуугаар арьс, ширийг нь ченж нарт тушаана. Тушаасан түүхий эдийнхээ хэмжээнээс хамаарч урамшуулал авдаг. Энэ нь цаашлаад арьс шир боловсруулах томоохон үйлдвэр, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэгдэж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүний чухал түүхий эд болдог билээ. Тиймдээ ч монголчууд эрт дээр үеэс эхлэн мал, амьтны  гаралтай түүхий эд болох арьс, ширийг өөрсдөө гар аргаар боловсруулж, гутал, хувцас, малгай, дах, дэгтий  хийхээс гадна ахуйн зориулалтаар боловсруулж чөдөр, ногт, бугуйл зэрэг мал аж ахуйн тоног хэрэгсэл, ахуйн бусад эд зүйл хийж ирсэн маш баялаг туршлагатай ард түмэн. Харин жилийн жилд малын гаралтай түүхий эдийн үнийн өсөлт, бууралт иргэдийн гол асуудал болоод байна. Тиймээс бид малын түүхий эдийн үнэ ханшийн талаар сурвалжилга бэлтгэлээ. 

ХОНИНЫ НЭХИЙ ХӨЛДӨЖ АМЖИХГҮЙ БАЙГАА УЧИР ХУДАЛДАЖ АВАХ БОЛООГҮЙ

        Иргэдийн хамгийн ихээр төвлөрч, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний худалдаа явагддаг газар бол Эмээлт зах. Өвлийн улиралд ченж нарын худалдаж авсан хөлдүү арьс, шир хашаанд овоорч, өдөр бүр малчид тасралтгүй малын түүхий эд зөөнө. Түүнийгээ ченж нарт боломжийн үнээр борлуулчихвал малчдын амьжиргаанд хамгийн чухал нөлөө үзүүлдэг аж. Тэгвэл бид “Эмээлт” зах дээрх байнгын малын түүхий эд худалдаж авдаг ченж Б.Мөнхбаатараас арьс, ширний үнийн талаар тодрууллаа. Тэрбээр “Эмээлтээс амьжиргаагаа залгуулж байгаа олон хүн бий. Энэ жилийн хувьд ямааны арьсны үнэ буурах төлөвтэй байна. Өмнөх жил ямааны арьс 23-24 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил ямааны арьс 20-23 мянга, хонины арьс хөлдөж амжихгүй байгаа учраас одоохондоо худалдаж авах боломжгүй байна. Би өөрийн худалдаж авсан арьсаа үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Үйлдвэрүүд арьсаа боловсруулаад цаашаа Орос, Хятад, Турк руу нийлүүлдэг. Үйлдвэрүүдэд арьсаа нийлүүлэхдээ сайндаа мянган төгрөг нэмж зардаг. Мөн биднээс Хятад хүмүүс ихэнхдээ арьс худалдаж авдаг. Хятадууд арьсны үнэ ханшаас шалтгаалаад 1000-1500 төгрөг нэмж биднээс худалдан авдаг” гэлээ. Энэ жил зуд болох эрсдэлтэй байгаа учир малчид малаа борлуулж, түүнээсээ авч болох ашиг орлогыг алдагдалгүй хүртэхийг хичээж байгаа гэнэ.

ҮХРИЙН АРЬС 30-40 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

       Мөн “Эмээлт” зах дээр түүхий эд худалдан авч, нийлүүлдэг болоод удаагүй байгаа О.Отгонбаяраас арьс ширний үнийн талаар тодрууллаа. О.Отгонбаяр саяхан өөрийн гэсэн худалдан авах цэг байгуулж, голлон бод малын арьс шир худалдаж аваад байгаа аж. Тэрбээр “Манайх  малын түүхий эд авдаг, амьдрах гээд ядаж байгаа жижиг газар. Хөдөөгийнхөн жижиг газар арьсаа худалдахаа байсан. Учир нь манайх шиг жижиг газрууд НӨАТ-ын баримт өгч чаддаггүй. Харин томоохон арьс, шир авдаг газар болон ченжүүд НӨАТ-ын баримт өгдөг болсон байна лээ. Гэхдээ бид байнгын малын гаралтай түүхий эд худалдан авч, цаашлаад үйлдвэрүүдэд нийлүүлдэг болсон. Бид үхрийн ширийг 30-40 мянга, сарлагийн шир 32 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол адууны арьсаа 25 мянган төгрөг гэсэн үнэтэй худалдан авч байна. Үхэр, адууны ширний үнэ хэвэндээ байгаа. Энэ жил зуд болох шинжтэй байгаа болохоор малчид малаа зарах нь ихэссэн” гэв. 
         Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин Н.Доржготов Эмээлт захад 30 тооны бод мал, 20 гаруй бог малын мах борлуулахаар иржээ. Тэр энэ жил худалдан борлуулах малаа бойнд оруулж, кг-ийн үнэ ханшаар бодож ченж нарт өгч байгаа гэнэ. Харин малаасаа үлдсэн түүхий эд болох арьс, ширийг Эмээлт зах дээрх ченжид борлуулсан байна. Тэрбээр “Би хувьдаа хэдэн үхэр, хонь, ямаа зарахаар энд ирээд байна. Үхрийн ширээ 30 мянгад,  ямааны арьс 23 мянгад, хониныхоо арьсыг борлуулж чадсангүй. Хэмжээнээсээ хамаараад янз бүрийн үнэтэй байна. Надад хашаа түрээслэхээс эхлээд мал зарах, түүхий эдийг нь борлуулахад хүндрэл учирч байгаа юм. Зарж байгаа үхэртээ тэжээл өгөхгүй байж болохгүй. Өвс худалдаж авахаас эхлээд зарлага гарна. Нэг боодол өвс 9000 төгрөгийн үнэтэй байна. 6000 төгрөгөөр жил өнжсөн хуучин өвс авч болно. Энэ жилийн хувьд махны үнэ ханш уначихсан. Малчид бид малаа зарж л хоолоо олж иддэг. Орлого муу болохоор амьдрахад хэцүү. Би хоёр оюутны сургалтын төлбөр төлдөг. Арьс ширний үнэ буурвал малчид бидэнд хүндрэлтэй. Хаяхаас л өөр аргагүй болдог” гэв. Манай Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд малын түүхий эдийн нийлүүлэлт болон худалдан авалт коронавирусын улмаас буурсан аж. Харин энэ үед малчид өндөр үнээр үнэлэгдэх малынхаа арьс ширийг хогийн цэг дээр хаяж үнэгүйдүүлж байлаа. Тэгэхээс ч өөр аргагүйд хүрч байсан бололтой. Хонины нэхий нэг хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй байсан гэдэг. Мөн манай Улсад энэ жил арьс шир, ноосны урамшуулалд бог мал кг тутам 1500 төгрөг, тэмээ 2000 төгрөгний мөнгөн дүн олгож байгаа аж.

Т.БАЯРСАЙХАН: НЯДАЛГААНЫ ГЭМТЭЛГҮЙ БОЛ ҮХРИЙН ШИР 60-70 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

           Энэ жилээс манай улсад гадаад зах зээлд малын түүхий эдийн эрэлт ихсэж, дотоодын үйлдвэрүүдэд худалдан авах үнийн ханш нэмэгджээ. Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодруулахад “Бид хөл хорионы цаг үеийг даван туулсанаас хойш түүхий эдийн үнэ ханш харьцангүй тогтворжсон. Үхрийн шир хэмжээнээсээ шалтгаалан 20 мянган төгрөгөөс дээш үнээр, адууны шир 10-25 мянган төгрөг байна. Ямааны арьсны үнэ буух төлөвтэй байна. Учир нь Хятад Улс руу нэвтрэх ямааны зовуд ноосны татвар нэмэгдсэн. Түүнтэй холбоотойгоор бид өнөөдөр ярилцаж хэлэлцээд асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хээрийн бойгоор нядалсан малын арьсыг тордож янзлаагүйн улмаас чанарын шаардлага хангахгүй болдог. Үйлдвэр чанарын шаардлага хангаагүй арьсыг худалдаж авбал алдагдал хүлээх учраас үнэ ханшийн хувьд ч муу байна. Харин дэлхийн зах зээл дээр малын түүхий эдийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа. Харин эрэлт хэвийн ихссэн. Гэхдээ дотоодын зах зээл дээр нядалгааны үеийн гэмтэл учраагүй бол үхрийн шир 60-70 мянган төгрөг хүрэх боломжтой байна. Тиймээс малчид иргэд нядалгааны ажиллагаан дээр анхаарах хэрэгтэй. Үүнээс арьс, ширний үнэ хамаардаг. Жишээ нь гадаадын зах зээл рүү боловсруулсан ямааны арьс 90.5 ам.доллараар борлуулагдаж байна. Энэ нь бага үзүүлэлтэд тооцогдоно. Урьд жилүүдэд үүнээс үнэтэй байдаг. Тиймээс хаана, хаанаа үнэ ханш савалгаатай байх төлөвтэй байгаа” гэв. 
      Дотоодын үйлдвэрлэлийн хөгжил хөгжих боломжтой хамгийн чухал салбар арьс, ширний зах зээл аж. Манай улс жилийн дөрвөн улиралд малынхаа шим тэжээлээр амжиргааны зардал, хүнсний бүтээгдэхүүнээ хангасаар ирсэн. Үүнээс малын түүхий эд нь байнгын эрэлт, нийлүүлттэй байдаг. Тиймдээ ч үнэ ханш тогтоворжиж, худалдан авалт ихсэх тусам иргэдийн амжиргаанд чухал нөлөөлөхүйц хүчин зүйл болдог байна. Харин зарим үед малчид болон дотоодын аж үйлдвэрлэл, төр засгийн үйл ажиллагаанаас хамаарч түүхий эдийн ханш буурах үзэгдэл тулгардаг. Үүний улмаас түүхий эд нь хогийн цэг дээр хаягдаж, орчин тойрны байгальд сөргөөр нөлөөлөх нь ч бий. 

https://ergelt.mn/news/125/single/27556
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ