Иргэн Х.Болорбаатарыг Дорнод аймгийн Чойбалсан сумын "Хавирга боомт"-оор өөрийн эзэмшлийн 22-66 ДОР дугаартай Лексус 570 маркийн автомашиныхаа нөөц дугуйнд онц их хэмжээний буюу 65 сая төгрөгийн үнэлгээ бүхий ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдалж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан тухай хэргийг 2017 онд хууль хяналтын байгууллагууд шалгаж, энэ талаар хэвлэлүүд ч мэдээлж байсан.
Тэгвэл тус хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээллийг бид shuukh.mn сайтад нийтлэгдсэн нээлттэй мэдээллээс хүргэж байна.
-ТУС ХЭРГИЙГ ТЕГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ ХЭЛТСИЙНХЭН АНХ ИЛРҮҮЛЖЭЭ-
Уг хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс анх шалгасан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас доорх дүгнэлтийг хийж байжээ.
Тодруулбал, дүгнэлтэд Х.Болорбаатарыг Монгол улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 11–ны өдрийн “Ховор амьтны жагсаалт батлах тухай” долдугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад багтсан ховор амьтан болох хүрэн баавгайн 28 ширхэг сарвууг нуун далдлаж хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлсэн” гэх 201701000047 дугаартай хэрэгт тус прокурорын газраас хяналт тавьж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 107 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан аштны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байна гэжээ. Тэгвэл тус хэргийг Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхдээ Х.Болорбаатарыг баавгайн савар нууцаар гэртээ хадгалж улмаар хил нэвтрүүлэхийг завдсан гэх хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэх эсэхээр хуралджээ.
-Х.БОЛОРБААТАР НЬ ТЕГ-ЫН АЖИЛЧДАД БАРИГДСАН ДАРУЙДАА 20 КМ ЗУГАТСАН БАЙНА-
Х.Болорбаатар нь шүүхийн өмнө өгсөн мэдүүлэгтээ, "2017 оны 2 дугаар сарын 24-ний өглөө ... Хавирга боомт руу явсан. Хавирга боомт дээр ирээд мэргэжлийн хяналтын болон гаалийн шалгалтанд орсон. Би гаалийн шалгалтын үеэр өөрт байсан үхрийн мах, хонины махны талаар гаалийн байцаагчид хэлэхэд гаалийн байцаагч улсын хилээр мах нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Тэгээд бүх шалгалтаар орж Монгол улсаас гарахад бэлэн болоод гарах чиглэлд гарах хаалганы ойролцоо зогсож байхад Хилийн цэргийн тагнуулын ажилтан ирээд үнэмлэхээ үзүүлэн таны машиныг шалгах хэрэгтэй байна, машинаа хойшоо талбай дээр аваач гэхээр нь машиндаа сууж хойно байсан талбай рүү явсан. Тухайн үед боомтоос Монгол улсруу гарах чиглэлийн хаалга онгорхой байсан юм.
Тэгэхээр би тэр хаалгаар машинтайгаа гарч Монгол улсын нутгийн гүн рүү зугтаасан юм. Би нутгийн гүн рүү зугтааж байхдаа боомтоос нутгийн гүн рүү 10 орчим километр яваад хамт явсан БНХАУ-ын иргэдийг замын хажууд байсан хоолны газарт буулгасан. Тэгээд цаашаагаа ойролцоогоор 20 км яваад миний машины жолооч талын арын дугуйны шифилк тасарч унасан.
Тэгээд зогсож байхад Тагнуулын ажилтан миний буулгасан өвөр Монголыг суулгаад миний араас ирээд машинд үзлэг хийсэн. Тэгээд миний машины запас дугуйг үзнэ гээд Хэрлэн сум руу явж дугуй засварын газарт очиж дугуйг задлан үзэж үзлэг хийсэн. Тэр үед намайг болон надтай хамт явсан хоёр өвөр монгол иргэнийг байлцуулан үзлэг хийсэн. Дугуйн дотроос 28 ширхэг баавгайн савар гарч ирсэн. Тэгээд намайг … тагнуулын газарт авчраад тайлбар аваад Улаанбаатар хотод авчирсан. ... Би дээрх 28 ширхэг баавгайн саврыг 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Хавирга боомт орох гэж явахдаа замын хажуугаас олсон юм.
Би замын хажууд хэвтэж байсан дугуйг ... гэртээ очоод гэрийнхээ гараашид зүсэж задлахад дотроос 28 ширхэг баавгайн савар гарч ирсэн. Тэгээд би баавгайн сарвуунуудын талаар хүмүүсээс асуухад монголд баавгайн савар үнэ хүрдэггүй. Хятадад зах зээл нь байдаг гэж сонссон бас өмнө нь ийм баавгайн савартай хэрэг Дорнод аймагт гарсан гэж сонссон. Тэгээд 2017 оны 2 сарын 24-ний өглөө эхнэр хүүхдийн хамт БНХАУ- руу эмнэлэгт үзүүлэхээр явахдаа 28 ширхэг баавгайн савраа машиныхаа запас дугуйнд нууж хийлүүлээд, машины запас дугуйн хэсэгт боож нууж хууль бусаар Улсын хилээр гаргах гэж байгаад тагнуулын ажилтанд баригдсан гэж байжээ.
-ШҮҮХЭЭС ТҮҮНИЙ ЯЛЫГ ХӨНГӨВЧИЛЖ ДӨРВӨН САРЫН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ-
Прокуророос түүнд гурван жилийн хорих 1-5 жилийн хорих ял зүйлчилсэн ч шүүхээс хөнгөвчилж дөрвөн сарын баривчлах болон таван сая төгрөгөөр торгох ял оноожээ. Ташрамд дурдахад,Х.Болорбаатар нь УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү юм.
Шүүхийн шийдвэрийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
iSee.mn