
Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2026 оны III улирлын байдлаар нийт 7,415,455 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 1.4 дахин өссөн үзүүлэлт болжээ.
Бүртгэгдсэн зөрчлийн 89.8 хувь нь нийслэлд, үлдсэн 10.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нийт бүртгэгдсэн зөрчлийн 99.6 хувьд цагдаагийн байгууллага, 0.4 хувьд Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн байгууллага, Нийгмийн даатгал, Татвар болон бусад эрх бүхий байгууллага хэрэгжүүлжээ.
Нийт зөрчлийн 98.5 хувийг газар дээр нь шийдвэрлэжээ
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 7,301,026 буюу 98.5 хувьд нь газар дээр нь хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан байна.
Харин 69,174 буюу 0.9 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 5,992 буюу 0.1 хувьд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулжээ. Мөн 39,263 буюу 0.5 хувийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 7,100,262 хүн, 302,226 хуулийн этгээдэд нийт 202 тэрбум 354 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Үүнээс 110 тэрбум 637 сая төгрөг буюу 54.7 хувь нь төлөгдсөн байна.
“Танхайрах” зөрчил 33.8 хувиар нэмэгджээ
Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд хэдэн төрлийн зөрчил өссөн байна.
Тухайлбал:
- “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил 7,193,198 буюу 1.3 дахин;
- “Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих” зөрчил 26,797 буюу 22.9 дахин;
- “Танхайрах” зөрчил 10,440 буюу 33.8 хувиар тус тус өсжээ.
Харин зарим төрлийн зөрчил буурсан байна. Үүнд:
- “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчил 95,829 буюу 23.2 хувиар;
- “Автотээврийн тухай хууль зөрчих” зөрчил 25,549 буюу 3.1 хувиар;
- “Хүний биед халдах” зөрчил 8,488 буюу 40.8 хувиар;
- “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчил 7,164 буюу 25.2 хувиар;
- “Автозам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах” зөрчил 2,546 буюу 72.5 хувиар тус тус буурсан байна.







