
Үндэсний статистикийн газраас танилцуулсан 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурсан дүнтэй гарчээ.
Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ.
Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна. Сүү, өргөн хэрэглээний зарим барааны хувьд өсөлттэй гарлаа. "Миний Монгол" сүүний үнэ хамгийн өндөр буюу 5.6 хувиар өсөж 5,344 төгрөгт хүрсэн бол дотоодын төмс 1.1 хувиар өсөж 1,989 төгрөг, өндөгний үнэ 0.3 хувиар өсөж нэг ширхэг нь 620 төгрөг болоод байна.
Аймгийн төвүүдэд, орон нутгийн хэмжээнд хонины мах 0.4 хувиар 21,373 төгрөг, ямааны мах 0.8 хувиар 19,085 төгрөгөөр тус тус буурсан бол үхрийн мах 0.3 хувиар 25,465 төгрөг бага зэрэг өсжээ. Мөн задгай сүү 1.2 хувиар өсөж 4,182 төгрөг, 1-р зэргийн гурил 0.2 хувиар өсөж 3,311 төгрөгт хүрсэн бөгөөд цагаан будаа болон элсэн чихрийн үнэ 0.02 хувиар бага зэрэг нэмэгдсэн байна.






