Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Нүхтийн аманд оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус бүсэд 1954 оноос хойш амьдарч ирсэн 680 гаруй иргэнд 2016-2022 оны хооронд газар эзэмших гэрчилгээ олгосон ч үлдсэн 125 иргэний эрх өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Эдгээр иргэд гурван үеэрээ тухайн нутагт амьдарч буй уугуул оршин суугчид бөгөөд:
- Цахилгаангүй,
- Албан ёсны хаяг, бүртгэлгүй,
- Боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй
эрсдэлт нөхцөлд амьдарч буйг иргэд танилцуулжээ.
Иргэд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн удаа дараа хүсэлт гаргасан ч асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр “Хүний эрхээс давсан хууль журам байх ёсгүй. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгаснаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоо бэхжинэ” гэж мэдэгдэв.

Түүнчлэн уг газар нь 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул асуудлыг нарийвчлан судалж, иргэдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг:
- Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал
- Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг
нарт нэг сарын хугацаатай үүрэг болголоо.
Уулзалтад Зайсан, Нүхтийн аманд оршин суудаг 90-27 насны 80 гаруй иргэн оролцож, тулгамдсан асуудлаа танилцуулан, олон жил шийдвэрлэгдээгүй асуудалд анхаарч эхэлсэнд талархал илэрхийллээ. Ингэснээр Богдхан уулын дархан цаазат бүсэд амьдарч буй иргэдийн газар эзэмших эрхийн маргаантай асуудлыг тодорхой хугацаанд шийдвэрлэх нөхцөл бүрдэж байна.









