
Орос хэлт эрдэмтэн судлаачдын академик шинжлэх ухааны холбоо буюу "RASA"-г Кремль "хүсээгүй байгууллага" гэж шошголон зарлажээ. "Хүсээгүй байгууллага" гэдэг нь улсын аюулгүй байдал, дотоод дэг журамд аюултай гэж үзсэн гадаад эсвэл олон улсын байгууллагыг албан ёсоор хориглосон статус юм.
"RASA" яагаад ингэж нэрлэгдсэнийг ойлгоё гэвэл 2008 он руу буцах хэрэгтэй. Тухайн үед 42 настай цэл залуухан Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр сонгогдоод байв. Түүний дуртай хамтлаг "Deep Purple", барьдаг утас нь "iPhone" байлаа. Мөн тэрбээр Цахиурын хөндийтэй өрсөлдөх Оросын шинжлэх ухаан, технологийн төв “Сколково”-г байгуулах ажлыг эхлүүлчихсэн, нээлтийн арга хэмжээнд нь Арнольд Шварценеггерийг уриад байж байлаа.
Оросын эдийн засаг ид үедээ байсан тул 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг ч зовлон багатай давсан.
Энэ үеэс Оросын засгийн газар шинжлэх ухаанд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгээ ойлгож эхэлсэн аж. Яагаад гэвэл Оросын шинжлэх ухаан Зөвлөлтийн үеэс үлдсэн үндсэн сууриараа л явж байснаас бус 10 гаруй жил орхигдсон байсан гэхэд болно.
Үүний зэрэгцээ гадаадад ажиллаж, амьдардаг орос эрдэмтдийн тоо улам олшроод байв. Шинжлэх ухааны судалгааны шинжилгээний чанар, зорилгод лабораторийн тоног төхөөрөмж, материал шууд нөлөөлдөг. Иймд эрдэмтдийн ихэнх нь шинжлэх ухаан хөсөр хаягдсан тэр он жилүүдэд гадаадын орон руу боломж эрж явсан байжээ. 1990-ээд онд гадагшаа гарсан хүмүүс 2000-аад оны сүүл гэхэд хөлөө олж, зарим нь дэлхийд нэр хүндээ дуурсгасан профессорууд болсон байсан.
Тэд хэний хүчээр хэн болсноо мартаагүй тул Оросын шинжлэх ухааны салбар луу эргэж харж эхэлсэн юм. Мэдээж энэ салбарт асуудал их байсан ч өөрсдөд нь дээд боловсрол олгосон системтэйгээ эргэх холбоогоо тэд таслаагүй. Тэд төгссөн сургуулиуддаа очиж лекц унших, системийг шинэчлэх, барууны жишигт ойртуулах, санхүүжилт олгох замаар хамтарч ажиллах болжээ.
Эрдэмтдийн зарим нь Оростоо буцаж очсон бол зарим нь олон улсад зэрэг төсөл хэрэгжүүлэхийг илүүд үзсэн. Үүнээс улбаатайгаар Орос хэлт эрдэмтэн судлаачдын академик шинжлэх ухааны холбоо анх байгуулагджээ.
Тус холбооны зорилго нь анхандаа гадаадад ажиллаж, амьдардаг эрдэмтдийг нэгтгэх байсан. Гэсэн ч удалгүй гадаадад амьдарч буй оросуудын хувьд тус холбоо эх оронтойгоо холбоо тогтоох, харилцаагаа сэргээх боломж нь болсон юм.
Тухайн үед Орост хамгийн амжилттай болсон судалгааны болон боловсролын хөтөлбөрүүд бүгд олон улсын хамтын ажиллагаанаас санаа авч, түүний дэмжлэгтэйгээр хэрэгжжээ. Үүнд, Оросын шинжлэх ухааны сан, “5-100” их сургуулийн шилдэг хөтөлбөр, авьяастнуудад санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөр, “Сколково” инновацийн төв, "Massachusetts Institute of Technology"-ийн хамтын ажиллагаа багтана. Гадаад дахь орос эрдэмтэн судлаачид эдгээр санаачлагад идэвхтэй оролцож, дуу хоолойгоо байнга хүргэдэг байлаа. "Шинжлэх ухааны диаспора ба Оросын шинжлэх ухааны ирээдүй" нэртэй бага хурлыг хүртэл жил тутам зохион байгуулдаг байв.
Энэ үед "RASA" Санкт-Петербург, Томск, Казань хотуудад гурван хамтарсан төв нээжээ. Холбооны гишүүд хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцон, зарим нь ерөнхийлөгчтэй уулзан, саналаа нээлттэй хэлдэг байв.
Гэвч Владимир Путин 2012 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш олон зүйл өөрчлөгджээ. Тэрбээр 2013–2014 онд бие даасан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг үлдээлгүй хааж, Крымийг өөртөө нэгтгэсэн билээ.
Улс оронд үүссэн хурцадмал байдал "RASA"-д ч нөлөөлжээ. Энгийн үедээ Оросын аливаа дээд түвшний холбоо, байгууллагууд тусгай албаныхны анхаарал дор байдаг. Гэтэл хурцадмал байдал үүссэн үед ийм анхаарал нь дарамт шахалт болж хувирах нь элбэг. 2019 оноос эхлэн "RASA" Орос дахь үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоожээ. Үүнээс ердөө нэгхэн жилийн өмнө АНУ дахь Оросын Элчин сайд тус холбооны жил тутмын бага хуралд оролцож байсан гэхээр энэ зогсолт нь ихээхэн хүчтэй алхам байв.
2022 онд Орос, Украины дайн эхэлсний дараа "RASA" Украины ард түмэн, тэр дундаа эрдэмтдийг нь дэмжсэн хатуу байр суурь илэрхийлжээ. Энэ алхмын дараа "RASA"-г "хүсээгүй байгууллага" гэж зарлах нь цаг хугацааны асуудал болоод байсан.
"RASA"-тай холбоотой хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд Артем Оганов болон Александр Кабанов нар орно. Хэн хэн нь "RASA"-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн профессорууд. Гэвч Оросын шинжлэх ухааныг гэсэн нэгэн сэтгэлээр зүтгэж байсан эрдэмтэд дайнаас хойш таран бутарсан юм.
Тодруулбал, Артем Оганов нь Оростоо профессороор ажиллахын зэрэгцээ Владимир Путины бодлогыг тууштай дэмжигч болсон. Харин Кабанов АНУ-д суурьшиж, украин судлаачдыг дэмжих уриалгыг эхлүүлжээ.
Цаг сайхан байхад "RASA" өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг ч нэг зорилго дор нэгтгэж чаддаг байсан аж. Харин өнөөдөр цаг үе өөрчлөгдөж, "RASA"-тай холбоотой хэн ч болов эрүүгийн хэрэгт татагдах магадлалтай болжээ. Гадаадад амьдардаг зарим эрдэмтдийн хувьд "RASA" нэгэн үе эх орон нь байсан нь дамжиггүй. Тэдний хувьд дассан сурсан газартайгаа холбоогоо таслахаас өөр аргагүй болж байна.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES






