http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя


Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич Б.М.Пиотровскийтэй уулзалт хийж байгаа нь. 2023 оны 11 дүгээр сар.
Фэйсбүүк ухаж суугаад нэг тасхийсэн бичлэг олоод харчихлаа. Гуравхан минутын энэ бичлэгт үгүй мөн сүрхий яриа өрнөжээ. Ч.Номин Соёлын сайд байхдаа Оросын соёлын сайд О.Б.Любимова, Эрмитаж музейн захирал Б.М.Пиотровский хоёртой ёстой л халз үзэж байж. Өнгөрсөн зууны хориод онд оросууд “судалчихаад буцааж өгнө” гэсэн амлалт өгч гэрээ байгуулаад Ноён уулын олдворуудыг Монголоос авч явсан түүхтэй. Бүр гурван удаагийн зөөлтөөр 3000 гаруй олдвор ачаад явчихсан байдаг юм. 1000 гаруй олдвор буцааж өгсөн гэдэг ч ачир дээрээ “өгсөн нэр зүүсэн” гэж манай эрдэмтэд толгой сэгсэрцгээдэг. Ухаандаа нэг дээл авсан байлаа гэж төсөөлье. “Дээлийг чинь өглөө шүү” гээд товч, шилбэхэнийг нь буцааж өгсөн гэсэн үг. Оросууд бидэнд хэзээнээс дээрэнгүй хандаж ирсэн үндэстэн, ингэж авирласанд нь гайхах юм алга.
Хуучин нийгмийн үед учир мэдэх нэг хүн Оросоос Ноён уулын Хүннүгийн олдворуудаа нэхсэн ч хэлмэгдээд өнгөрсөн гэдэг. Тэрнээс хойш энэ асуудлыг хэн ч зүрхэлж хөндөөгүй юм билээ.Тэр цагаас хойш Ч.Номин л “Өгсөн юмаа буцааж авъя” гэж Монгол Улсын Соёлын сайдын байр сууринаас хүчтэй дуугарсан юм байна. Тэр түүхэн агшны видеог сошиалаас санамсаргүй олж хараад энэ сэдвийг хөндөхөөр шийдсэн юм.
Бичлэгт яг ямар яриа буусныг сонирхуулъя. Монгол Улсын Соёлын сайдыг “Өгсөн зүйлсээ гэрээний дагуу буцааж авах сонирхолтой байна” гэхэд Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич Б.М.Пиотровский “Гэрээний хувьд цэг тавьчихсан гэж ойлгож байгаа. Бүх үзмэр ОХУ-ын музейн сан хөмрөгийн өмч. Бид л захиран зарцуулна” гэсэн дээрэнгүй хариу өгсөн байх юм. Сайд бүсгүй ч хариуд нь “Монгол болон орос хүний хоорондох соёлын харилцааны хувьд энэ асуудлыг шийдэх ёстой. Явах ёстой зарчмаараа явна” гээд эрс шийдэмгий, хатуу байр суурь илэрхийлчихэж.
“Эрмитаж”-ийнхан Ноён уулын ховор нандин олдворуудыг манай төрийн тэргүүнийг очиход хүртэл үзүүлдэггүй байсан гэдэг. Ингээд бодохоор Соёлын сайд Ч.Номин Эрмитаж музейн захирал, ОХУ-ын Соёлын сайдтай нүүр тулж соёлын өв, олдворуудаа нэхэхийн тулд дипломат харилцаа талдаа чамгүй уран нүүдэл хийсэн байж таарна. Төрийн тэргүүнд ч үзүүлдэггүй байсан Хүннүгийн үеийн олдворуудтай танилцаж, судлах эрхийг Эрмитаж музейнхэн Чингис хаан музейн захирал С.Чулуунд өгсөн байна лээ. Энэ бол яалт ч үгүй ОХУ-аас соёлын олдвороо нэхсэний дараа бүтсэн том ажил. Одоо дараагийн дипломат нүүдлээ халуун дээр нь хийх хэрэгтэй. “Эрмитаж”-аас Хүннүгийн үеийн ховор нандин олдворуудаа авчраад Чингисийн музейдээ дэлгэвэл наад зах нь л Монголыг зорьж ирэх жуулчдын тоонд нөлөөлнө дөө.
 
Д.Батболд
ӨДРИЙН СОНИН
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ