
Төрийн өмчит “АЗЗА нэгтгэл”-ийн (Авто замын засвар арчлалтын нэгтгэл) төлөөллийг Зам, тээврийн сайд өнгөрсөн ням гарагт хүлээн авч уулзжээ. Улсын хэмжээнд АЗЗА нэгтгэл төрийн өмчит компанийн 20 салбар, хувийн хэвшлийн есөн аж ахуйн нэгж ажиллаж буй аж. Гэвч улс даяар буюу 21 аймгийн “АЗЗА нэгтгэл”-ийн салбаруудын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, санхүүжилтээ цаг тухайд нь авч чадахгүй байгаагаас ажилчдынхаа цалинг олгохгүй хугацаа алдаж, татвар, нийгмийн даатгалын өр нь хуримтлагдан, нийгмийн баталгаа нь алдагдсан байгааг дээрх уулзалтын үеэр салбарын сайдад илэрхийлжээ. Иймээс сүүлийн хоёр сарын цалин хөлс, гүйцэтгэсэн ажлын төлбөрийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй, нийгмийн даатгалын өрийг төлөхгүй бол улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдэв. Салбарын сайд Сангийн яам руу яаралтай албан бичиг явуулж, энэ долоо хоногт, Цагаан сараас өмнө дээрх асуудлыг бүрэн шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгчээ. Мөн сайд “АЗЗА нэгтгэл”-ийг салбарын яамны харьяа байгууллага болгох саналаа Засгийн газраар хэлэлцүүлж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ТУЗ байгуулж, дүрмээ батлан, санхүүгийн мэдлийг өөрсдөд нь олгох, орон нутагт тендерт оролцох боломжоор нь хангахаа илэрхийлсэн байна.
С.Дулам
https://www.unuudur.mn/a/280255







