
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн нутагт Дээд цагаан нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтай зорчиж явсан хоёр хүн амиа алдав. Дуудлагын дагуу аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бү рэлдэхүүн ажиллаж, 20см зузаантай нуурын мөсийг зүсэж, замыг нь чөлөөлөн, цөмөрсөн автомашиныг татан гаргаж, холбогдох байгууллагынханд хүлээлгэн өгчээ.
Улсын хэмжээнд энэ он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ болон Алаг-Эрдэнэ сумд гурав, нийслэлийн Багануур дүүрэгт нэг тохиолдол гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч зузаан нь харилцан адилгүй аж. Мөсний зузаан сүүлийн 10 хоногт 5-60 см-ээр нэмэгдэж, 25-130 см-т хүрсэн ч зарим гол, нуурын мөс өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн байгаа гэнэ. Иймд мөсний зузаан, нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, хүн, мал, машин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг дээрх байгууллагынхан анхаарууллаа.
Түүнчлэн ирэх бямба гаргаас энэ сарын 21ний хооронд манай орныг Хойд туйлын хүйтэн агаарын урсгал дайран өнгөрөх тул хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Тухайлбал, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Завхан болон говийн бүсийн зарим нутгаар цас орж, шуурах гэнэ. Ялангуяа Завхан, Архангай, Хангайн нуруу орчмоор энэ сарын 17-18-нд шилжих шөнө хасах 40-42, Хэнтийн нуруу болон ДарханУул, Сэлэнгэ аймгийн нутагт хасах 38-40 хэмд хүрч хүйтрэхийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүллээ.







