http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг шийдвэрлэх ажлын туршилтын бүсийн хошуу шянь болох Тyнляо хотын Зарууд Хошуу, Хянган аймгийн Хорчин Баруун Гарын  Өмнөд Хошуу, Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошуугаар сурвалжилж явахдаа маш олон суурин, гацаа, малчид, тариаланчид тусгай хоршоо нь “Фермийн аж ахуйг хөгжүүлэх, малын үүлдрээ чанаржуулах, малын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх” зэрэг хэд хэдэн талаар уламжлалт мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж буй тухай сурвалжиллаа.
 
Фермийн аж ахуйгаас ашиг хүртэж байна
Байгалийн жамыг мөрдөн цаг агаартаа зохицон, мал сүргээ өсгөж чаддаг нь малчин хүний мэргэн ухаан юм. Тунляо хотын Зарууд  хошууны Зүрх суурингийн Зүрх тосгонд байрладаг Бай Шүнь тэжээн үржүүлэх хоршоонд хүрэхэд тэд яг том зуухандаа хөрзөн түлж, үхрээ бүлээн усаар усалж байлаа.
2013 онд байгуулагдсан энэхүү хоршоо өдгөө үхрийн 15 пин, бордооны  2 агуулах болон хөх даршны 3 зоорьтой болж, нийт 1260 үхэртэй болжээ. Тус хоршоо нь тэжээн  үржүүлэх, бордож таргалуулах бүх үйл явцыг стандарт ёсоор хийж, цэвэр эко үхрийн махны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, Хятадын Хөдөө Аж Ахуй, Хөдөө Тосгоны Яамны “Үндэсний Хөдөө аж ахуйн шилдэг аж ахуйн нэгж”-ээр үнэлэгдсэн байна.
Хөлөн буйр хотын Шинэ Барга Баруун Хошууны Далай сумны малчин Молоргарав ярилцлага өгч байгаа нь
Бай Шүнь тэжээн үржүүлэх тусгай хоршоо “Үнээгээ сүрэгт тавьж тугалыг нь буцаан авах” хамтран ажиллах загвараар  31 малчин айлтай гэрээ тогтож, малчин өрх болгонд жилийн орлогыг нь 40 мянган юаниар нэмэгдүүлсэн байна. Тэд гурван жилийн хугацаатайгаар үнээгээ малчин айлд хариуцуулан арчлуулж, 10 үнээгээр нэг нэгж болгон, малчин айлаас жил бүр 250 кг-аас дээш жинтэй 2 тугал буцаан авч, гэрээний хугацаа дууссаны дараа  үнээгээ тоо ёсоор нь буцаан аваад бусад ашиг орлогыг үнээ тэжээсэн малчин айлд өгч байгаа ажээ.
Малчин ухаан гэж цагийн байдлыг ажин, өөрийн давуу тал болон сул талдаа үндэслэн орлого зарлагаа тэнцүүлж, нэн сайн үр ашигт хүрч чадсан байгааг долоон гацааны холбоот хоршоо гэрчилж чадлаа. Хүн ам олонтой боловч бэлчээр нутгаар багатай, малын тоо толгой хэтэрсэн бодит байдалд Шинэ Барга Баруун Хошууны Алтан эмээл суурингийн Сайхан хүрээ гацаа, Баруун сүм гацаа, Шартал гацаа, Зүүн сүм гацаа, Шанд гацаа, Хайлаас гацаа болон Баяндэрс гацааны нийт 7 хоршоог хамруулаад хол ойрдоо алдартай долоон гацааны холбоот хоршоог байгуулж, малчин өрхийн гэр бүлийн фермийг мэргэжлийн нарийвчилсан мал аж ахуйн шилдэг загвар болгон хөгжүүлсэн байна.
Хөлөн буйр хотын Шинэ Барга Баруун Хошууны Алтан Эмээл суурины Шартал гацааны Шартал тэжээн үржүүлэх бааз  
Долоон гацааны холбоот хоршоо бол хашаалан малжих бааз байж, стандартчилсан малын пин саравч, хөх даршны зоорь, тэжээл бордоо боловсруулах өрөө зэргийг иж бүрдүүлэн бүтээн байгуулж, тэжээл бордоо нөөцлөх, үрийн малын сүрэг гаргах, малын тоо толгойг нэмэгдүүлэх, малын өвчин халдвараас урьдчилан сэргийлж эмчлэх зэрэг ажлуудыг бүгдийг гүйцэтгэдэг.
Өнөөдөр долоон гацаанд нийт 3 тэжээн үржүүлэх суурин байгуулж, 3600 хонийг хашаалан маллаж байна. Үүнд 7 гацааны малчдын 1000 гаруй хонийг хариуцан тэжээж, 14 хүнд ажил олгон, хариуцан малжих ажилд оролцсон малчдын жилийн орлогыг 1500 юаниар нэмэгдүүлжээ.
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд хошууны Зүрх суурин дахь МүСэнь тэжээн үржүүлэх талбайн хоньд
Малын үүлдрээ чанаржуулж байна
Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны Буйр сумын Мэнэнтал гацаанд нутагтай Шугар их сургуулиа төгсөөд нутаг буцаж, малжих амьдралдаа жолоо сунган ухаанаа шавхан уйгагүй хичээж явна. 2022 онд тэрээр Австралийн 20 семминтал бяруу тус тус 28 мянган юаниар худалдан авч, дахин Канадын семмитал бухын ичээл үрээр гар хээлтүүлэг хийжээ. Одоо харин ойролцоох малчид тэдний цэвэр үүлдрийн семминтал тугалыг булаалдан авцгааж байна.
- Би гэртээ сууж байгаад сайн үүлдрийн семминтал тугал нэг бүрийг 17 мянган юаниар зарчихна. Борлуулалтын зам шулуун дардан, завсрын наймаачдаар дамжихгүй болохоор тугал худалдаж авсан малчдад ч илүү ашигтай. Энэ жил Хуаши тугалаа нэгийг нь 10 мянган юаниар зарж, 4 - 5 сар болсон монгол үхрийн тугалаа нэгийг нь 7000 юаниар зарсан. Зарсан үнийн хувьд семминтал үхэр нь өндөр үнэтэй байгаа нь мэдээж юм. Манай нутгийн малчдын ихэнх нь мал сүргээ өөрийнхөө бэлчээртээ малладаг. Иймээс малын үүлдэр сайжруулж, малаа чанаржуулах тал дээр маш их анхаарал хандуулдаг. Төр засгаас биднийг ч их дэмждэг. Жишээлбэл, сайн үүлдрийн ичээл үрээр хээлтүүлэг хийсэн үнээ болгонд 210 юанийн нөхвөр олгодог гэж Шугар танилцуулж байлаа.
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд Хошууны малчид эш сүрлээ хураан авч байгаа нь 
Үүний зэрэгцээ Шугар 2100 гаруй м2 талбайтай битүү пин саравч байгуулж, камер, авто услалтын машин, өвс тэжээл найруулах машин, тэжээл бордоо дамжуулах авто бүс, ухаалаг үхрийн хэвтэр зэрэг ухаалаг тоног төхөөрөмжийг ашигласнаар хөдөлмөр хүчээ ихээр хэмнэжээ. Үүний дотор 1.03 сая юанийн 800 м2 талбайтай орчин үеийн пин саравчийг хошуунаас барьж өгсөн ба зуд гамшгаас урьдчилан сэргийлж, мал сүргийн аюулгүй байдлыг баталсан байна.
Малын бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийг хичээж байна
Бидний сурвалжилагын явцад том хэмжээний ферм улам олон болж, шинэ арга зам, шинэ хэв маягаар уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг стандартчилсан, эрчимжсэн хөгжилд хүргэх болон малын мах, арьс ноосоо нарийн боловсруулж малын махан бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр хичээн ажиллаж байгаа тухай ойлгосон юм.
 Хөлөн буйр хотын Шинэ Барга Баруун Хошууны бэлчээр дэх үхрийн сүрэг 
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын  Өмнөд Хошууны Мүсэнь тэжээн үржүүлэх бааз нь Хүян хонь малжиж бордон таргалуулахыг гол чиглэлээ болгодог бааз юм. Тус бааз өмнө нь тоосгоны үйлдвэр байсан бөгөөд 2020 онд тэжээн үржүүлэх бааз болгон өөрчлөн байгуулж, одоо 30 мянган хонь тэжээж, эх мал нь 10 мянгыг давсан байна. 150 сая юанийн хөрөнгө оруулж, 116 мянган м2 талбай бүхий 53 хонины пин саравч байгуулан, тэжээн үржүүлэх баазын нийт талбай нь 8 га давсан байна.
- Хүян хонь нь жилийн турш хашаалан тэжээхэд тохиромжтой. Нэг жилд олон удаа хээлтүүлж, олон төллөдөг мөртөө төлөө сайн авдаг, сүү сайтай байдаг. Бид хуцны сүргээ үрийн хуц болгож, хониндоо бас гар хээлтүүлэг хийж, эм хонины төллөх нормыг 224 хувьд хүргэж байна. Бидний хонины махан бүтээгдэхүүн Хятадын өмнөд бүсийн нутгуудаар борлуулагддаг. Энэ хонь өөх багатай, алаг махтай болохоор өмнөд бүсийн иргэдэд маш их таалагддаг гэж Мүсэнь тэжээн үржүүлэх баазын захирал Ян Бө хэлж байлаа.
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд Хошууны Зүрх суурин дахь МүСэнь тэжээн үржүүлэх талбайн дарга Ян Бө ярилцлага өгч байгаа нь
Өдгөө олон мал тэжээж, зах зээлд нийлүүлэхэд илүү анхаарал хандуулахаар арчлан тэжээх нь мал аж ахуйн хөгжлийн чухал хандлага болж, бүх аж үйлдвэрийн хэлхээг тогтворжуулах, малын ашиг шимийн хангалтыг батлан, малчид, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг тал дээр онцгой давуу талтай. Ийм учраас Хятадын Засгийн газраас малчдын мал ахуйгаа хөгжүүлэх, малаа эрүүл байлгахад нь ихээхэн дэмжлэг үзүүлдэг.
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын  Өмнөд Хошуу Хятадын орчин үеийн мал аж ахуйн туршилтын бүсийг байгуулахад хичээн ажиллажээ. Энэ жил ерөнхийдөө 3.83 сая махны чиглэлийн хонь болон 487 мянган махны чиглэлийн үхэр маллаж, туршилтын бүсийн бүтээн байгуулалтын төсөлд Засгийн газраас 8.04 сая юанийн хөрөнгө мөнгө санхүүжүүлж, ухаалаг мал аж ахуйн талбай байгуулан, мал сүргийн шинэ үүлдрийг бойжуулах болон малын шинэ үүлдрийг судлан ашиглахыг дэмжиж байна.
Хөлөн буйр хотын Шинэ Барга Баруун Хошууны Алтан Эмээл суурины Шартал гацааны Шартал тэжээн үржүүлэх баазын ажилтан тугал эмнэж байна 
Мүсэнь тэжээн үржүүлэх бааз Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллаж, технологийн тусламж хүртдэг бөгөөд хошууны Засгийн газраас 2 сая юанийн хөрөнгө оруулалттай ухаалаг мал аж ахуйн тоног төхөөрөмж угсарч өгсөн нь тэдний баазын менежмент ба мал сүргийн арчилгаанд ихээхэн тус дэм үзүүлсэн байна.
-  Дунджаар нэг эм хонинд сардаа 100 юанийн зардал ордог. Энэ жил хурга бүрийг дунджаар 730 юаниар заржээ. Орлогын хувьд их сайн байгаа учир хонио үржүүлээд 50 мянгыг давуулахаар төлөвлөж байна гэж Мүсэнь тэжээн үржүүлэх баазын захирал Ян бө итгэл дүүрэн хэлэв.
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд хошууны Алдар тэжээл өвсний аж ахуйн хүрээлэнгийн өвсний туршилтын тариа 
Талын гүнд сүргийнхээ дэргэд мянга мянган жилээр мал малаа хариулж ирсэн нарны бор малчдын малчин ухаан өдгөө байгаль ахуйн хувьсалт, зах зээлийн хөгжил, ирээдүйн  хөгжлийн шаардлагад өөр өөрийн арга замаар цаг үетэйгээ мөр зэрэгцэн урагшилж буйг оюутан малчин Шугарын орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж буй загвар, Байшүнь тэжээн үржүүлэх хоршооны “Үнээгээ сүрэгт тавьж тугал авах” загвар, долоон гацааны холбоот хоршоо, Мүсэнь тэжээн үржүүлэх баазын амжилтаас ойлгож мэдлээ. Тэд малчин тариаланчдыг дайчлан “мал”-ын асуудлыг шийдвэрлэх үр бүтээмжтэй арга замыг хамтдаа хайж, бэлчээрийн мал аж ахуйн хэлбэр маягийг хувируулан хөгжүүлж, орчин үеийн стандартчилсан эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжилд үлгэр жишээ үзүүлсээр байна. 
Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Өмнөд хошууны Алдар тэжээл өвсний аж ахуйн хүрээлэнгийн өвсний агуулах
Зохиогч:
Ё.ХИШИГБАЯР, Б.ХӨГЖИЛТ, Н.ЦОВОО, Б.АРИУХАН
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ