
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс болох 20.1 тэрбум төгрөгийг олгоогүй тул Сангийн яаманд шаардлага хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээллээ. Тус холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг “Улсын хэмжээнд энэ онд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилласан 1000 гаруй анхан шатны нэгж, байгууллага үйлчилгээний хөлсөө авч чадаагүй. Нийт 30 тэрбум төгрөгийн 30 хувийг нь л олгосон гэсэн үг. Тиймээс Сангийн яаманд шаардлага хүргүүллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, олон улсын болон чөлөөт худалдааг дэмжих, өвчингүй тайван байдлыг хадгалж ажиллах зорилгын хүрээнд мал, амьтны гоц халдварт, зоонозын өвчнөөс сэргийлэх тарилга зэрэг анхан шатны аж ахуй нэгжийн үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг улсаас баталсан байдаг. Бид ийм ажлыг хийхгүй бол халдварт өвчин дэгдэнэ, хүнсний аюулгүй байдал ч дагаад алдагдана. Тиймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээл хүртэл авч, ажлуудаа дуусгасан. Харин Сангийн яамнаас “Мөнгө илүү гарвал танай санхүүжилтийг олгоно” гэх юм. Энэ юу гэсэн үг вэ” хэмээн ярилаа.







