http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ирэх онд хагас коксоо 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэв


Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн өнөөдөр /2025.12.22/-ийн хуралдаанаар хагас коксон түлшинд шилжих талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. 
Уг асуудлаар "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг хүргэлээ. 
-2025-2026 оны галлагааны улиралд ерөнхийдөө хагас коксыг хэрэглэхээр эрдэмтдийн зөвлөмжийн дагуу “5 Толгой түлш” компани хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний хүлээж буй үндсэн үр дүн нь түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 орчим хувиар бууруулах явдал юм. Үүний зэрэгцээ нийслэлийн агаарын чанарт 27-28 хувийн эерэг нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гарсан.
27-28 хувь гэсэн үзүүлэлт нь нийслэлийн агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамааралтайг харгалзан гаргасан дүн юм. Эдгээр хүчин зүйлийн нэг нь гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж буй шахмал түлш. Тиймээс агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй одоогийн шахмал түлшийг сольсноор ийм хэмжээний сайжрал гарна гэж тооцоолсон.
2025 оны арванхоёрдугаар сарын 1-21-ний хоорондох хугацаанд хийсэн урьдчилсан тооцоогоор 23-24 хувийн үр дүн аль хэдийн гарсан байна. Өнөөдөр эрдэмтдийн зөвлөл дүгнэлтээ хийж, мэргэжлийн байгууллагууд болон лаборатори, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байна. Үүнд бид сэтгэл хангалуун байна.
Нийлүүлэлтийн хувьд өмнөх намар төлөвлөгөө тасалдах асуудал гарч байсан. Харин одоогийн байдлаар нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд борлуулах төлөвлөсөн хэмжээний түлшний нөөц хангалттай байгаа тул энэ тал дээр санаа зовох зүйлгүй.
Хөрөнгө санхүү, өртгийн асуудлаар иргэд цахим орчинд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгааг бид харж байна. Үйлдвэрийн аргаар бүрэн боловсруулсан түлшийг яагаад гадаадаас авч байна вэ гэсэн асуулт олон гарч байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсад одоогоор нүүрсний брикет, хагас коксын бүрэн хэмжээний үйлдвэр байхгүй.
Энэ жил төслүүд хагас кокс руу шилжиж, бодит үр дүн гарч эхэлсэнтэй холбоотойгоор дотоодын үйлдвэрүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Иймд ирэх оноос эхлэн дотоодоосоо ханган нийлүүлэлт хийх боломжтой гэж тооцоолж байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтдийн зүгээс өнгөрсөн долдугаар сард галлагааны улирал эхлэхийн өмнө өгсөн зөвлөмжүүдээ дахин бататгасан. Түүнчлэн ирэх жилийн тухайд дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах ажлыг түргэтгэх зөвлөмжийг өгч байна.
Иргэдийн асууж байгаачлан, ирэх оноос 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэж ойлгож болно. Гэхдээ тодорхой нөхцөлд, тухайлбал дулаан үед болон утаа тогтоц багатай үед өмнөх шахмал түлш, мидлингийн нөөцийг тодорхой хэмжээнд ашиглана. Харин өртөг өндөртэй, ид хүйтний улиралд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксоор үндсэн нийлүүлэлтийг хийж ажиллана" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ