
Манай оронд дөрөвдүгээр сараас эхлэн усны шувууд ирж, есдүгээр сарын сүүлчээс нүүдэллэж, дулаан орныг зорьцгоодог. Нүүдлийн шувууд нутаг буцах хугацаа цаг агаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг аж. Тэгвэл өнөө жил усны шувууд харьцангуй орой нутаг буцсан бөгөөд Увсад гэмтлийн улмаас сүрэгтэйгээ хамт “харьж” чадаагүй нэгэн хун үлдэж хоцорчээ. Тус аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч түүнийг аюулгүй газарт хүргэсэн гэнэ.
Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр байгаль хамгаалагч М.Мижиддорж, сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар Хар ус нууранд сүргээсээ ганцаар үлдсэн хун шувууг авран хамгаалах арга хэмжээ авсан талаараа мэдээлэв. Тэд гэмтсэн шувууг Ховд аймгийн Дөргөн сумд хүргэсэн байна. Ингэснээр хун Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн Агваш арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэлийн “мэдэлд” шилжжээ. Тэрбээр шувууг нуурын тохойд тавьж, усан орчинд нь өвөлжүүлэх арга хэмжээ авсан. Өдгөө хун аюулгүй, эсэн мэнд байгаа аж.







