Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Эгийн гол"-ын төсөл В.Путины бодлогоор гацаанаас гарлаа ч баярлахад эртдэнэ




2015 оноос эхлэн долоо дахь  удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн  чуулга уулзалтад Монгол Улс анх удаагаа  Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уг чуулганы индэр дээрээс Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн асуудлуудыг тоймлон танилцуулж, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинд бараалхахдаа хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны биелэл болсон Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг  төслүүдийн талаар тодотгосны сацуу цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ажил хэрэг болгох хэрэгцээ, сонирхолтой байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Засгийн хэвлэлээс өгч буй мэдээлэлд, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл гацаанаас гарлаа хэмээн тодотгож байна.  
Олон жил цаасан дээр зураглагдаж, яригдсан төсөл ийнхүү улс төрийн түвшинд эрчимтэй яригдаж буй нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, гацаанаас гарлаа гэдэг нь ХЭРЭГЖИХ БҮРЭН БОЛОМЖ  БҮРДЛЭЭ гэсэн үг биш юм.
Ямар ч байсан Ерөнхий сайд асуудлыг танилцуулж, улмаар Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтсон бөгөөд Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна.
Дашрамд тодотгоход, Хөгжлийн банкан дахь төрийн өмчит компаниудын чанаргүй ангилалд орсон зээлүүдийн жагсаалтад “Эгийн голын УЦС” ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл бий.
Дээр хэлсэнчлэн цаасан дээрээс буугаагүй хэрнээ татвар төлөгчдийн нуруун дээр  хэдийнэ ачаа үүрүүлчихсэн Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодит утгаараа хэрэгжвэл эрчим хүчний салбар дампуурах хэмжээнд хүрсэн Монгол Улсад хэрэгтэй нь ойлгомжтой.
Гэхдээ ОХУ-ын төрийн тэргүүний хувьд байгаль орчны асуудлыг эхэнд эрэмбэлсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсныг сануулъя.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сард ОХУ-д айлчилсан билээ. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүн  /2021.12.16/ Москва хотноо ганцаарчлан уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон.
Ганцаарчилсан уулзалтын дараагаар тэд сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийсэн. Энэ үеэр В.В.Путин “Орос, Монгол хоёр улс байгаль хамгаалах чиглэлээр цаашид ч хамтран ажиллах талаар өнөөдөр ярилцлаа. Байгалийн өвөрмөц Байгаль нуурын экосистемийг хамгаалах зорилгоор хил дамнасан урсдаг Сэлэнгэ, Улз голыг хамгаалахад хамтран ажиллана” гэсэн юм.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хойд хөршийн тэргүүнтэй хийсэн энэ удаагийн яриа хэлэлцээ нь хоёр улсын байгаль хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааны өмнөх яриа хэлэлцээнүүдийн үргэлжлэл болж байна гэсэн үг.
Ер нь Монгол Улсын төрийн тэргүүнүүд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өмнөх арга хэмжээнүүдэд оролцохдоо эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар байр сууриа тогтмол илэрхийлж байсан. Тухайлбал:
2018 онд Х.Баттулга, В.Путин хоёр Владивостокт хоёр дахь удаагаа уулзаж, ярилцаж байв. Энэ үеэр Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой  эдийн засгийн тооцоо судалгааг В.Путинд гардуулж байв.
2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон  Дорнын эдийн засгийн V чуулганд оролцож, Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ,  Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг уялдуулах үүрэг бүхий байгууллага байгуулах санал өнгөрсөн жил энэ индэр дээр гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын тал судалгааны ажлаа дуусгаж, мөн олон улс, бүс нутгийг хамарсан олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Үр дүнд нь бүс нутгийн улс орнуудын цахилгаан эрчим хүч, сүлжээ болон хөрөнгө оруулалт хариуцсан төрийн өмчит компаниуд энэхүү бүс нутгийн санаачлага, сүлжээнд хамрагдах төслүүдийн техник, эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, худалдахад шаардлагатай ажлын бэлтгэлийг хангахаар хамтран ажиллаж байгааг дурдахад таатай байна... Манай Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн цахилгаан эрчим хүчний 4 том хэрэглэгч улс оршдог. Монгол Улс эдгээр улсуудад хямд, найдвартай цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх боломжтой. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлж, иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой” гэж байв.
2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад  цахимаар оролцохдоо хэлсэн үгэндээ “Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд бүсийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний холболтыг хөгжүүлэх явдал чухал байна.
Монгол Улс эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавиад байгаа бөгөөд энэ хүрээнд Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах,  манай улсад усан цахилгаан станц барих төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн улс орнуудтай хамтран ажиллах санаачилга дэвшүүлээд байна.” гэж байв.
Тодотгоход, Монгол Улс ОХУ-тай эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа ахиулж, харилцан үр  ашиг хүртэхийн тулд эрчим хүч, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломжуудыг ашиглах хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг.
Эрчим хүчний салбарын тухайд  Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Монгол Улсын эрчим хүчний салбар 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал тус тус хүлээсэн. Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд үр ашиг дагуулна гэдгийг салбарын өмнөх сайд Н.Тавинбэх хэлж байсан.
Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өссөн үзүүлэлттэй. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийн дунд хугацааны төсөөллөөс харахад 2022-2023 оны өвөл эрчим хүчний хангамжийн хувьд хамгийн хүнд жилүүд тохиохоор байгааг салбарын яамны зүгээс мэдэгдэж буй. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулах нь системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй учир цаашид дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолууд аваарын эогсолт хийх, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээнд тасралт гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг мөн хэлж буй.
Түүнчлэн эрчим хүчний салбараа бэхжүүлэх үүднээс ОХУ-аас тодорхой дэмжлэг авах, хамтран ажиллах шаардлагууд тулгарсаар байгаа юм.
Тухайлбал, Дулааны гуравдугаар цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт+75МВт-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд төслийн гүйцэтгэгчтэй гэрээний хэлцэл хийх, техникийн тодорхойлолтыг нарийвчлан боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн мэдээллийг ЭХЯ-наас өмнө нь өгч байсан. Тэгвэл хойд хөршийн төрийн тэргүүн В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа энэ төсөлд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. 
Уг төсөл нь төвийн эрчим хүчний систөмийн чадлын дутагдлыг нөхөх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээ, систөмийн найдвартай ажиллагааг хангах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах ач холбогдолтой юм.
Эдийн засагчид, судлаачдын санал санаачилгыг харахад, Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордууддаа түшиглэн,  эрчим хүчний хамтарсан шинэ эх үүсвэр, станцууд барих тал дээр ОХУ-тай хамтран ажиллах боломжууд бий гэдэг.
 
Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлого дахь Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 22  төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Тухайлбал:
 
  • Дулааны цахилгаан станцыг өргөтгөх: Дулааны 2, 3-р цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн ДЦС,
 
  • Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих: Тавантолгой, Багануурын Дулааны цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станц,
 
  • Дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулах: Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгой-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар зэрэг  төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн.
 
  • Засгийн газраас  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын дотор дуусгахаар тохирсон гэсэн мэдээллийг өгч буй юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ