Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр тун өргөн дэлгэр, өнгө жавхаа сайхантай боллоо. Баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт, УИХ-ын гишүүн асан Р.Раш, аймгийн Засаг дарга асан Ж.Адьяа, Ж.Хүүхэнбаатар болон тус аймгаас төрөн гарсан алдартан гавьяатууд оролцлоо. Энэ наадмын хүндэт зочны нэг нь Монгол Улсын гавьяат малчин, 1942 оны эх орны дайны үед Монголын ард түмний бэлгийг Улаан армид хүргэлцэж явсан 100 гаруй настай эрхэм хүн "фронт" хэмээх С.Цэгмид гуай байлаа.
1942 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор тус аймгийн гал голомт одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар тулгын чулуугаа тулсан билээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, өнөөгийн Дундговь аймгийнхан 15 сумын 64 багт харьяалагдан улс орныхоо хөгжлийн нэгэн түүчээ болон ажиллаж амьдарч байна.
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ аймгийнхаа түүхэн хөгжил, өнөөгийн бүтээн байгуулалт цаашдын зорилгыг танилцуулаад тус аймгийнхан ногоон хөгжил байгаль орчинд ээлтэй хөдөлмөр эрхэлж эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд дундговьчууд зүрх сэтгэлээ нэгтгэн, гар бие оролцож байгаа энэ цаг үед хангай дэлхий ивээн, хур бороо элбэгтэйгээр ойрын жилүүдэд болоогүй дэлгэр сайхан зун боллоо гээд сүүлийн хоёр жилд 1000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн буюу спорт цогцолбор, Ерөнхий боловсролын сургууль гурав, хүүхдийн цэцэрлэг дөрөв, сургуулийн дотуур байр дөрвийг шинээр бүтээн босгож иргэдийнхээ тав тухыг хангах, сурч боловсрох, хөгжин дэвжих боломжийг нээж өглөө.
Жишиг сумын нэг Гурвансайханы жишээгээр Дэлгэрхангай, Дэрэн, Баянжаргалан, Өндөршил зэрэг долоон сум сумаа өөрчлөн шинэчлэх үйл ажиллагааг иргэдийнхээ оролцоотой хэрэгжүүлж байна. Бид 2022 оныг "Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарлаад мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэн, төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх талын олон ажлыг төлөвлөөд амжилттай хэрэгжүүлж байна гэлээ.
Баяр наадмын нээлт аймгийнхаа түүх хөгжил цэцэглэлт тэр дотор дуу хуур, өв соёлынхоо онцлогийг харуулсан утга төгөлдөр боллоо гэж наадамчид бахархан ярилцаж байлаа. Учир нь гэвэл тус аймаг урлагийн алдартан хамгийн олонтой. Тэднээс Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, А.Дашпэлжээ, А.Нэргүй, гавьяат жүжигчин, уртын дууч А.Дүнжмаа, гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Үүрийнтуяа, Ө.Цэрэнчунт, Содномдаржаа, Г.Энхцэцэг, Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг гээд урлагийн алдартнууд, 15 сумын ардын авьяастнууд ая дуугаа өргөсөн нь нээлтийг улам хөгжүүн сайхан болгосон юм.
Энэ тухай гэрэл зургийн сурвалжлагыг VIII нүүрээс сонирхоорой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 146 (6878)