Баянхонгор аймагт иргэний нийгмийн байгуулллагууд “Мэдэх эрх - 2022 дата” мэдээллийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ, төсөв, үйл ажиллагааны талаар, 2018-2022 онд батлагдсан ОНХС-гийн төсөв болон түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулан өртөөлөн танилцуулсан юм.
Дэлхийн банк, "Дэлхийн зөн Монгол" ОУБ, Хүүхдийг ивээх сан, "Глоб интернэшнл" ТББ-ууд хамтран "Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслийн хоёрдугаар үе шат буюу "MASAM II" төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна. Тус төслийг "Хонгорын зөн" ТББ, Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Уг төсөл 2020-2023 онд хэрэгжих бөгөөд иргэд цахим платформ ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ, төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулахтай холбоотой мэдээлэл авах, санал хүсэлтээ илгээх тохиолдлын хувь өсөөд байна. Энэ нь төвийн болон орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн шийдвэрлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүү, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа иргэдэд ил тод байх тухай тусгасан байдаг бөгөөд иргэдийн мэдэх эрхийг ханган олон ажил өрнөж байна.