Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар наадамд Дэлгэрэх сум тэргүүн байрт шалгарлаа


Дорноговь аймгийн ЗДТГ, Музей сургалт,“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг, наадмыг энэ сарын 17-18-нд амжилттай зохион байгууллаа.

Соёлын биет бус өвийн үзлэг, наадамд 14 сумын 372 өвлөн уламжлагч оролцож, нийт дүнгээр тэргүүн байрт Дэлгэрэх сум, дэд байрт Замын-Үүд сум, гутгаар байрт Эрдэнэ сум, тусгай байрт Сайншанд сум тус тус шалгарсан.

“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг наадмыг Соёлын Үндэсний төвийн, дэлхийн өвийн мэргэжилтэн А.Саруул, Дүрслэх урлагийн академийн багш, доктор профессор С.Бадрал, СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн тэнхимийн багш С.Загд-Очир, Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн захирал, яруу найрагч Л.Эрдэнэбат нар шүүн тунгаасан байна.

Тэмцээнийг нийт долоон ай савд багтааж орон нутгийн онцлогт тохирсон байдлаар нь шүүн тунгаасан төдийгүй ямар өв нь Дорноговь аймгийн ард иргэд, малчин түмний дундаас гарсан өв байгааг ялгаж салгаж тунгаасан хэмээн шүүгчид ярьсан юм. Тухайлбал, уртын дуу нь айзам дуу, бэсрэг дуу, суман дуу зэрэг дууны хэлбэртэй төдийгүй дууны цар багтаамж, дуучны дуулах арга барил ур дүйг илүү харгалзан тодруулжээ.


Мөн нутаг орны онцлогоос шалтгаалсан гар урлал, урлахуйн ухаан, эсгий хийх, дээс томох зэрэг нь өөр хоорондоо ижил бус дахин давтахааргүй зүйлүүд юу байгааг л олж харахыг хичээсэн хэмээн СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн тэнхимийн багш С.Загд-Очир өгүүлсэн юм. Дорноговь аймгийн арын сумд нь боржгины өв соёлыг тээсэн уламжлалтай бол урд сумд говь нутгийн онцлог шинжийг илүү хадгалсан байдаг аж.

Энэ наадмын шилдэг сумаар шалгарсан Дэлгэрэх сумын хувьд соёлын биет бус өвийн талаарх нутаг орныхоо онцлогийг илүү гаргаж чадсан байна. Тухайлбал, Дэлгэрэх сум Монголын хурдан адууны хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн угшлын нэг Галсан, Баньд адууны угшилтай хурдан морьдын өлгий нутаг бөгөөд Монголын алдарт морин хуурч Чойн Банзрагчийн төрсөн нутаг юм. Мөн айл болгон морин хуураа хоймортоо залж, морин хуурын үе үеийн олон авьяастан төрөн гарсан нутаг ажээ.


Дэлгэрэхийнхэн бөх, морь цоллож, нум эвшээх зан үйлийг үзүүлж, айл гэрийн ерөөл айлдах, магтаал, уртын дуу, хурдан морины марзай дуудах зэрэг нутаг орныхоо үүх түүх онцлог бүхий язгуур урлаг, биет бус өвийг нэгэн цогц байдлаар товойлгон гаргаж чадсанаараа  “Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг, наадамд олон ай савыг нэг дор үзүүлсэн амжилтаар тэргүүлсэн байна.

Харин Эрдэнэ сумын хувьд эсгий хийх, гэрийн ерөөл айлдах зэрэг үзүүлбэр нь нэн сонин содон байлаа. Сайхан дулаан сумын морин хуурын магтаал, Сайншанд сумын өвлөн уламжлагч Т.Тогтохбаярын лимбэний эгшиг, Даланжаргалан сумын авьяастан исгэрээ зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд олон байлаа.

Соёлын талаар төрөөс баримтлах бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн конвенцын үзэл баримтлалын дагуу Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг олж тогтоох, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор тус наадмыг зохион байгуулжээ. 

Өвлөн уламжлах наадмаар шалгарсан ардын авьяастнууд гала концертод оролцсон бөгөөд ирэх долдугаар сарын эхээр Улаанбаатар хотод болох бүх аймгийг хамарсан язгуур урлагийн нэгдсэн тоглолтод оролцохоор боллоо.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ