Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Боломж бүү олго" цахим нөлөөллийн ажлыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулж байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн хугацаанд иргэд хөл хорионд орж, интернэт хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орж, цахим залилангийн хохирогч болох нь ийнхүү нэмэгджээ.
“Сийлбэртэй Монгол гэр зарна", “Мал зарна" гэх зар байршуулж, урьдчилгаа мөнгө авсан зэрэг цахим гэмт хэргээс гадна “Гадаад болон Монгол иргэний хаягаас зээл олгоно" гэсэн зар байршуулан зээлийн шимтгэл, шилжүүлгийн хураамж гэж мөнгө авсан, "Онлайн шоп"нэрийдлээр урьдчилгаа шилжүүлэн авсан, “Цахилгаан бараа хүргэлтээр бөөний үнээр зарна" гэх зарыг байршуулан иргэдээс урьдчилгаа болон үнийн тал хувийг авсан зэрэг цахим гэмт хэргүүдийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байна.
Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 нэгжээр буюу 35.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэгдсэн үйлдлүүдийн 84 хувь нь цахим орчинд залилуулсан хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс иргэдийг цахим залилангийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Боломж бүү олго” нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байгаа юм.
Иргэдийг цахим гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирохоос сэргийлж аливаа танихгүй этгээдээс ирсэн ашигтай саналаас татгалзах,тухайн мэдээллийн үнэн зөвийг сайтар нягтлах, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөтэй сайтар танилцах, шаардлагатай тохиолдолд тэднээс зөвлөгөө авсны дараа өөрийн үйлдлийг хариуцлагатай хийхийг анхааруулж байна.
Монцамэ.мнБ.Мөнхзул