Таван жилийн өмнө хоёр тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан цахим гэмт хэргийн хохирол 2020 онд 67.2 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Тодруулбал, 2016 онд хоёр тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67.2 тэрбум төгрөгөө энэ төрлийн гэмт хэргийн залилагчдад алдаж хоцорсон байна. Олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ тоо өссөөр байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Зөвхөн энэ оны эхний хагаст цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байна. Тиймээс Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” дөрөв дэх удаагийн аяныг энэ сарын 19-ний өдрөөс эхлэн улс даяар зохион байгуулж байгаа аж.
Ялангуяа цар тахлын энэ нөхцөл байдалд төлбөр тооцоогоо цахимаар гүйцэтгэх хэрэгцээ шаардлага эрс нэмэгдсэн. Энэ нь орчин үеийн санхүүгийн шуурхай шийдэл хэдий ч нөгөө талаас мэдээллээ хамгаалах, аливаа гүйлгээг хийхдээ давхар баталгаажуулах, хянамгай, хариуцлагатай хандах шаардлага гарч байгаа тул иргэд, аж ахуй нэгж байгууллагыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Жишээлбэл, фэйсбүүк сүлжээнд сонжоо хэлбэрээр байршуулсан асуулт, постууд нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан болж байгаа аж. Энэ талаар эдийн засгийн ахлах мөрдөгч Х.Түвшинбаяр “Олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр залилах гэмт хэргийг ялангуяа фэйсбүүк ашиглаж ихээр үйлдэж байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа боловч залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо чухал байна. Гэмт этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ хамгийн түрүүнд хэн нэгний фэйсбүүк хаягийг олзлон авдаг.
Тухайлбал, таны хань ямар ордных байвал зохих вэ, та “Game of thrones”-ийн ямар дүр вэ гэх зэрэг тусгайлан бэлтгэсэн программуудыг олон нийтийн цахим сүлжээнд ихээр тараадаг. Хэн нэгэн тухайн сүлжээ рүү нэвтрэх оролдого хийсэн тохиолдолд фэйсбүүк хаяг болон нууц үгээ дахин оруулах тусгайлан бэлтгэсэн хавтас гарч ирдэг. Үүнийг бөглөсөн тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг гэмт этгээдүүдэд дамжуулж байна гэсэн үг. Гэмт этгээд таны мэдээллийг олзлон авснаар хаяг руу нэвтрэн орж нууц үгийг сольж мөн ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэх мэт мессенжэрээр хамгийн их харилцсан хүмүүсийн судалгааг хийдэг. Үүний дараа тэдгээр хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн агуулгатай захиануудыг явуулж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн дээрх программууд руу нэвтрэхгүй байхаас гадна өөрийн фэйсбүүк хаягны кодыг тоо үсэг тэмдэгт нийлсэн найм буюу түүнээс дээш оронтойгоор кодолсноор цахим мэдээллийн аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ хохирогч болохгүй байх боломжтой” гэсэн мэдээлэл өглөө.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах юм байна.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин