ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвөөс эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээлийн үзэсгэлэнг Өлгий хотод энэ сарын 22-ны өдөр гаргалаа.
Уг ажлыг Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ой болон эрдэм шинжилгээний ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд Философийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан 57 бүтээлийг тавьсан байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнуудын туурвисан «Баян-Өлгий аймгийн үндэстэн, ястны эдийн соёл» /2011/, «Алтайн урианхайн угсаатны зүй» /2014/, «Монгол-казах бичгийн хэлний дундын үг», «Казахын ард түмний ёс заншлууд» /2013/, «Монгол-Тува бичгийн хэлний дундын үг» /2011/, «Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалууд» /2009/, «Монголын казахын угсаатны зүй» /2016/, «Монгол Алтайн нурууны экосистем, эртний түүх, соёлын асуудал» /2009/ зэрэг бүтээлийг олон нийтэд танилцууллаа.