Шинжлэх ухааны академи-Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын судалгааны баг Баянхонгор аймагт ажиллалаа. Монгол орны хэмжээнд 200 орчим цэгт цэвдгийн хяналт хийж байгаагаас Баянхонгор аймгийн хэмжээнд нийт найман цооногт хэмжилт судалгааг хийж байна.
Ажлын баг Баян-Овоо, Галуут, сумын цэвдгийн мониторингийн цэгүүдийн мэдээллийг авах, Галуут сумын Үнэгт гуравдугаар багийн төвийн ойролцоо цаг уурын дэд станцыг суурилуулжээ. Уг станц нь салхины хурд, салхины чиглэл, ул хөрсний температур, хур тунадас, харьцангуй чийгшил, агаарын даралт, нарны цацрагийн мэдээлэл мөн бэлчээрийн талхдал, цэвдгийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хянаж, хэмжигдэхүүнийг 15 минут тутамд хэмжих бөгөөд үүсвэрээс улиралд нэг удаа мэдээллийг авдаг байна.
Цэвдгийн өөрчлөлтийн гол үзүүлэлт нь түүний температур ба зузаан болдог бөгөөд Монгол орны хэмжээнд цэвдгийн температур 10 жил тутамд 0.04-0.29С-ээр дулаарсан байх ба нам дор газрууд болон өмнөд захаар нимгэн цэвдэг үгүй болох, зарим газарт зундаа гэссэн хэмжээндээ хүрч, өвөлдөө хөлдөхгүй болох зэрэг үзэгдэл ажиглагдах болжээ. Энэ нь нэг талаас уур амьсгалын нөлөө, дулааралт нөгөө талаас хүний хүчин зүйлээс шалтгаалдаг байна.