Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Серикгүл: Баян-Өлгий эмийн ургамлаар баялаг тул зөгийн бал нь дээд зэргийн чанартай байдаг



Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын "Баянбулаг" компани 2017 оноос аймагтаа анх удаа зөгийн аж ахуй эрхэлж байна. Тэднийх анх зөгийн 5 бүлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол энэ жил бүлийн тоог 24-т хүргэжээ. Зөвхөн зөгийн бал гэхэд 400 орчим литр /ойролцоогоор 1 тонн/ хураан авдаг болсон байна.

Зөгийн балаас гадна цэцгийн тоос, тоосормог, лав, жилий, балын хаалт, хатаасан зөгий зэрэг бүтээгдэхүүнийг гарган авдаг. Энэ жил тоног төхөөрөмж оруулж ирж, зөгийн лаваар эмчилгээний лаа үйлдвэрлэж эхэлсэн аж. Зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүдээ аймагтаа болон хөрш зэргэлдээ Увс, Ховд, Завхан аймаг, Улаанбаатар хотод захиалгаар худалдан борлуулдаг ба орон нутгийн брэнд хэмээн хүлээн зөвшөөрүүлж чаджээ.
"Баянбулаг" компани нь Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд саяхан зохион байгуулсан цахим үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна. Түүнчлэн Япон Улсаас зөгийн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах санал ч хүлээн авсан аж. Учир нь Баян-Өлгий аймгийн газар нутаг эмийн ургамлаар баялаг тул энд үйлдвэрлэсэн зөгийн бал ч дээд зэргийн чанартай болохыг Монгол, Японы эрдэмтэд тогтоосон гэдгийг "Баянбулаг" компанийн гүйцэтгэх захирал Б.Серикгүл хэлж байна.
Хамгийн сонирхолтой нь нутгийн иргэд тус зөгийн балыг нимбэгийн шүүс, хонины өөхөн сүүл зэрэг бүтээгдэхүүнүүдтэй хольж хэрэглэн коронавирусний халдвар, ходоод, бөөрний архаг үрэвсэл зэрэг өвчнүүдээ богино хугацаанд эмчилсэн байна.
Тухайн компани цаашид үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч зөгийн бүлийн хайрцаг хийх мод орон нутагт ургадаггүй, сэмж, бал ялгах төхөөрөмж, бүтээгдэхүүн савладаг чанарын шаардлага хангасан сав, баглааг ОХУ, Хонконгоос оруулах шаардлагатай зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулдаг байна. Төр засгийн зүгээс эдгээр асуудлуудыг анхаарч, зохих дэмжлэг үзүүлбэл бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн үр дүн сайжирна гэдгийг компанийн удирдлага хэлж байна.
Бид "Баянбулаг" компанийн гүйцэтгэх захирал Б.Серикгүлээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл, тэдний хүний биед үзүүлэх ач тусын талаар мэдээлэл авч, уншигчиддаа хүргэж байна.  

Зөгийн лав

Зөгий зургаан талт сархиагаа барихын тулд лавын булчирхайгаасаа ялгаруулдаг бодисыг зөгийн лав гэнэ. Зөгийн лавыг ажилчин зөгий бүтээдэг ба байгальд цагаан эсвэл тунгалаг өнгөтэй оршдог. Цэцгийн тоос болон прополистой /зөгийн жилий/ нэгдэхээрээ өнгө нь алтан шаргал болж хувирна. Зөгийн лавын найрлага нь 300 гаруй төрлийн бодисоос тогтдог.Агаарт буй олон төрлийн нянг устгадаг онцлогтой. Үүнийг гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг бөгөөд арьсыг сайтар чийгшүүлж уян хатан байдлыг хангахад тусалдаг. Мөн витамин А агуулагддаг. Хүнийг тайвшруулах, стресс тайлах үйлчилгээтэй тул зөгийн лаваар лаа хийж алжаал тайлах, сэтгэл санааг сэргээхэд өргөн ашиглана. 

Цэцгийн тоос

Зөгий цэцэгт ургамлын тоосыг цуглуулан тусгай шүүрлээр баяжуулж цэцгийн тоос боловсруулдаг. Цэцгийн тоосны физик, химийн бүтэц туйлын өвөрмөц. Үүнд альбумин, гловулин, мукопротин амин хүчлүүд, органик чистидин, изолейцин, зэрэг бичил элементүүд болон төмөр, зэс, марганец, Е, В1, В2, В3, В6 ВС, С, Р, А амин дэмүүд агуулагддаг учраас эмчилгээний чухал хэрэглэгдэхүүн болно. Түүнчлэн нянгийн эсрэг үйлчилгээтэй учир хүний бие махбодод эерэг нөлөө үзүүлнэ. Цэцгийн тоосыг хэрэглэхэд өөх тосны солилцоо сайжирч, зүрхний хэм хэвийн болж, биеийн хүчний чадавх нэмэгддэг. Хялгасан судсыг бэхжүүлж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.

Балын хаалт
Сархиагт хураасан бал бүрэн боловсорсны дараа зөгий лаваараа хаадаг. Үүнийг бал хураах үед авдаг бөгөөд бал болон лавын холимог бүтээгдэхүүн болдог. Найрлагад нь  антибиотик болон биологийн идэвхт бодисууд агуулдаг учраас амны хөндийн өвчин, гүйлсэн булчирхай болон амьсгалын дээд замын үрэвслийн үед хэрэглэхэд сайн үр дүнтэй. Амны хөндийн нян бактерийг устгах, цэвэрлэх, улаан хоолойн үрэвсэл, астма болон амьсгалын дээд замын үрэвсэл зэрэг өвчнийг анагаахад ашиглана.



Зөгийн бал

Зөгий балт ургамлаас ялгарах амтат шүүсийг цуглуулж боловсруулан хадгалсан бүтээгдэхүүнийг зөгийн бал гэнэ.

Зөгийн балын 18 хувь нь ус, 82 хувь нь глюкоз, фруктоз, сахароза, цардуул, уураг зэргээс бүрдэнэ. А, В, С, В1, В2, В6, К, E, D амин дэм, натри, кали, магни, төмөр, фосфор зэрэг 300 гаруй эрдэс бодис агуулагддаг.
Зөгийн бал нь амьсгалын замын бүх өвчинд, буйл, амны хөндийн үрэвсэл, өтгөн хатах, суулгах, бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл, шарх, элэгний үрэвсэл, хатуурал, цөс ялгаруулах замын үрэвсэл, зүрх судасны хатуурал, хэм алдах, судасны нарийсал, цусны даралт ихсэх, багасах, багтраа өвчин, сав, үтрээ, булчирхайн архаг үрэвсэл, чихрийн шижин, ядаргаа, ханиад томуу, бөөрний үрэвсэл г.м олон төрлийн өвчинд тустай юм.
Сонирхуулж хэлэхэд, зөгий нь 100 гр бал цуглуулахын тулд нэг сая орчим цэцэг дээр сууж, ургамлын амтат шүүсийг хошуугаараа сорж авдаг. Харин нэг кг бал цуглуулахын тулд 150 мянган удаа нислэгт гардаг байна. Гэр нь ургамлаас 1,5 км зайтай байхад 1 кг бал цуглуулахын тулд 450 мянган км зам туулдаг ажээ.  

Жилий

Ажилчин зөгий модны мөчир, нахиа навч, зарим өвслөг ургамлаас хурааж, цуглуулсан давирхайлаг бодисоо ферментээр боловсруулсан бүтээгдэхүүнийг жилий гэнэ. Улиангар, хус, нарс, жодоо, гацуур, туулайн бөөр, нүргэсийн шинэ навч, мөчир нахиа болон зарим төрлийн ургамлаас цуглуулсан давирхайлаг бодисууд жилийн найрлагад байдаг. Жилийг зөвхөн зун бэлтгэж авна. Газар нутгийн онцлог, цаг агаар, хөрс, ургамлын бүтцээс шалтгаалан зөгийн жилий цуглуулах чадвар нь өөр өөр байна. Гаднын ямар нэгэн хольцгүй хамгийн чанартай жилийг бал ид хураалтын сүүлч үеэр цуглуулдаг.
Эрдэмтдийн судалгаагаар жилийн найрлагад байдаг нэгдлүүд бие эрхтний дархлааг хамгаалах нөлөө үзүүлдэг. Түүнчлэн нянгийн эсрэг, шархлаа, түлэгдэлт, хөл, гарын эвэр, арьсны хорт хавдар, амьсгалын замын өвчин, ханиад, гүйлсэн булчирхай, хамар, залгиур, гуурсан хоолойн үрэвслүүд, нүүр амны эмгэг өвчин, мөөгөнцөр, хеликобактер, г.м олон төрлийн өвчинд хэрэглэж болно.  

Тоосормог
Зөгий нислэгийн явцдаа цэцгийн тоос цуглуулж, өвөрмөц булчирхайн шүлсээр амталж, онцгой зуурмаг болгон хувирган «зөгийн талх» буюу тоосормог үйлдвэрлэдэг. Тоосормог нь зөгийн үүрэнд боловсордог. Зөгий сархиагны ташаалавчинд орсон холовчийг  толгойгоороо дагтаршуулж, шүлсээрээ бэхжүүлэн ер бусын бүтцийг бий болгоно. Ийнхүү боловсорсон цэцгийн тоос бүхий ташаалавчийг балаар дүүргэнэ. Зөгийн эсгэгчийн нөлөөгөөр биохимийн олон өөрчлөлт гарснаар цэцгийн тоосны бүтэц өөрчлөгдөж зөгийн талхболовсордог. Зөгий өөрийн үрвэлдэйг энэ тоосормогоор тэжээдэг юм.
Тоосормогийг чихрийн шижин, судасны хатуурал, зүрх судасны өвчин, элэгний хатуурал, элэгний архаг үрэвсэл, хүүхдийн цус багадалтын үед, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, бие мах бодийг тамиржуулан сэргээх, хоолны дуршил, ой санамж сайжруулах, мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох, цөсний хүүдийн үрэвсэл, бөөрний архаг өвчин, артерийн даралт, бүдүүн гэдэсний үрэвсэл, цус багадалт г.м олон төрлийн өвчнийг эмчлэхэд өргөнөөр ашиглана.

Хатаасан зөгий

Зөгийн хаягдал болох үхсэн зөгий нь олон тооны биологийн идэвхт бодис агуулсан, анагаах ухаан, эм зүй, эмзимологи, гоо сайхан, мал эмнэлэг, хүнсний аж үйлдвэр зэрэг олон салбарт хэрэглэдэг экологийн хосгүй цэвэр бүтээгдэхүүн болно. Энэ чиглэлийн судалгаанууд өргөжиж, хэрэглэх хэрэгцээ нь ч нэмэгдсээр байна. Түүний найрлагад уураг, амин дэмүүд, лав, хитин зэрэг олон тооны биологийн идэвхт бодисууд байдаг.
Балт зөгийн гаднах кутикулийн бүрхүүлийн гол хэсгийг бүрдүүлэгч хитин болон хитозан нь биеийн дархлааг бэхжүүлэх, шархыг эдгэх, нянг устгах үйлчилгээ бүхий биологийн онцгой идэвхт бодис юм. Зөгийн хаягдлын найрлагад өөр нэг биологийн идэвхт бодис болох меланин ихээр агуулагддаг.
Нэг бүлээс жилд 0,3-0,5 кг хатаасан зөгий (подмор) цуглуулан авч ашиглах боломжтой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ