Олон улсын жишигт нийцсэн Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалтад орлоо. Улс орны хөгжилд ташуур өгсөн сайн мэдээ гэвэл энэ.
Харин Хөшгийн хөндийн нисэх буудал гэхээр тус нисэх буудал руу чиглэсэн хурдны замын асуудал юу болж дуусав гэдэг асуудал эргэлзээтэй болж үлдлээ.
Тус замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьсан бөгөөд барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ. Улмаар барилгын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус, тус ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.
Хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэжээ. Ерөнхийдөө төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц 28 ширхэг дугуй хоолой тус, тус баригдсан гэж байгаа.
Гэтэл сар хүрэхгүйн өмнө тус зам дундуураа цуурч ан цав гараад олон нийтийг айлгасан. Албан ёсоор ашиглалтад ороогүй зам ингэж чанараа таниулсан нь замын стандарт, хэр чанартай баригдсан бэ гэдгийг харуулаад өгчихсөн. Зам тээврийн хөгжлийн яамнаас зам ингэж эвдэрсэн шалтгааныг тодруулахаар томоохон ажлын хэсэг гаргасан гэж мэдэгдээд сураг алдраад удлаа. Энэ нэрийн дор улсын төсвөөс дахин тендер зарласан гэж байгаа. Тодруулбал, "Хурдны замын хагарлын шалтгаант дүгнэлт гаргах" тендерийг ЗТХЯ-наас зарласан гэж байгаа. Хэчнээн төгрөгийн тендер зарлаж ямар компанийг шалгараад хагарлын шалтгаан нөхцлийг тогтоож байна вэ гэвэл тодорхойгүй. Харин энэ асуудал тодорхой болоогүй байхад замыг эвдрэлийг эвтэйхэн бөглөчихсөн харагдсан.
Гэвч энэ нь маш аюултай. Өчигдрөөс эхлээд нисэх буудал рүү буухиа автобусууд явж эхэлсэн. Хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа хэрэг. Ашиглалтад ороогүй байхдаа эвдэрчихсэн зам ачаалал нэмэгдээд ирвэл хэрхэх вэ.
140.3 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг тойрсон асуудал ингээд таг чиг болчихож болохгүй. Аливаа зүйл нуугдмал, бүрхэг болох тусам асуудал цаана нь ундарч байдаг. Нөгөө талд ард иргэдийн хардлага улам нэмэгдэж байдаг. Учир нь 400 тэрбум төгрөг хэдийгээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл гэгдэж байгаа ч эрт хожид хэзээ нэгэн цагт Монголын төрөөс өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн халааснаас гарах мөнгө.
Тийм учраас 400 тэрбумаар чанаргүй зам барьсан компаниудтайгаа хариуцлагаа ярь, ил тод зарла Л.Халтар сайд аа!