УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар "ТЭСО" корпорацийн зүгээс өнөөдөр Увс аймгийн 19 сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
“Монгол хүн бүр эрүүл байг” уриан дор цар тахлын энэ хүнд үеийг даван туулах, хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхэд эрүүл мэндийн салбарт дэмжлэг болох зорилгоор олгосон энэхүү автомашиныг аймгийн 19 сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар хүлээн авлаа.
Toyota hiace маркийн эдгээр автомашинууд нь туулах чадвар сайтайгаас гадна хүчилтөрөгч, амьсгалын аппарат, эмийн сан, мэргэжлийн чагнуур зэрэг түргэн тусламжийн үйлчилгээнд нэн шаардлагатай багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон байна.
Сумдын эрүүл мэндийн төвүүдийн хувьд алслагдсан багийн иргэдэд хүрч ажиллахад унааны асуудал хүндрэлтэй, хүрэлцээгүй байдаг. Ялангуяа цар тахлын үед тандалт судалгаа, вакцинжуулалт, яаралтай алсын дуудлагад хүрч ажиллахад автомашины хэрэгцээ нэн чухал байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг шийдэж, эрүүл мэндийн салбарт тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн явдалд Увс аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан, иргэд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд талархал илэрхийллээ.
“Увс нутгаасаа УИХ-д сонгогдсон гишүүний хувьд ард, иргэдийн эрүүл мэндийн төлөө, улаан шугаманд ажиллаж байгаа эмч нартаа дэм болж энэхүү ажлыг санаачилсан. Халдварын тархалт аймаг, сумын хэмжээнд хүрээгээ тэлж байгаа ч бид хамтын хүчээр даваад гарах нь дамжиггүй. Хүн бүр эрүүл байх болтугай” хэмээн О.Цогтгэрэл гишүүн 19 сумын сумын эрүүл мэндийн төвд автомашин гардуулах үеэрээ онцлон хэллээ.