Энэ сарын 27-ны өдөр Ховд аймгийн нийт нутгийн 90 хувьд хур тунадас орсон гэж УЦУОШТ-өөс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Цэцэг сумаас бусад бүх суманд бороо орсон. Ингэхдээ Булган, Алтай, Үенч суманд хамгийн бага, Жаргалант, Ховд суманд хамгийн их хэмжээтэй хур тунадас орсон байна.
Мөн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд цаашид бороо орно. Тодруулбал, зургаадугаар сарын 30-ны өдөр болон долоодугаар сарын 1, 2-нд бороо орох төлөвтэй байгаа учраас малчид, иргэд хөдөлмөрчид үер, усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.
Ховд аймгийн УЦУОШТ нь Буянт, Булган, Ховд, Үенч, Бодонч, Дундцэнхэр, Чонохарайх, Долоон нуур, Төгрөг гол болон Хар-Ус нууранд өдөр тутмын ажиглалт хийдэг.
Энэ сарын 28-ны өдрийн 08:00 цагийн байдлаар ихэнх гол, нуурын усны түвшин "хэвийн" байна. Харин Ховд голын усны түвшин 241 см хүрч, үерийн аюултай түвшнээс нэг см-ээр давсан гэх мэдээтэй байна.