Цаашид ч энэ байдал үргэлжлэх хандлагатайг мэргэжилтнүүд хэлж байгаа. Биднийг ийнхүү цар тахал тойрон эргэлдэж байхад Монгол Улсын иргэдийн амьжиргааны нэгэн эх үүсвэр болсон мал аж ахуйн салбар, малчдын амьдрал хүндэрлээ. Орон нутгаас мэдээлэл авахад малчид маань юун цар тахал, цагийн хатуутай цаг наргүй тэмцэж байгааг хэлж байна. Өвлийг хүндхэн давсан малчид хатуу тарчиг хавартаа бүр хүнд байдлыг даван туулах болдог.
Манай улс өөрөө мал аж ахуйн орон төдийгүй хүн амын амьдралын нэлээд хэсэг нь мал аж ахуйгаас хамаардаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 230 орчим мянган малчин өрх бий. Үүнд хамаарах хэдэн зуун мянган хүн байгаа гэж бодохоор хүн амынхаа амьжиргааг залгуулдаг мал аж ахуйд анхаарахгүй бол болохгүй. Зөвхөн цар тахал тойрон эргэлдээд байвал олон асуудал орхигдох болно.
Одоогийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай гээд нэлээд хэдэн аймагт цагийн байдал хүндэрсэн, бэлчээргүй болсон байдалтай байна. Нөгөө талаас зуншлага намаржаа сайн байж цас зудгүй өвлийг өнтэй давсан Дорноговь, Сүхбаатар аймгуудад цаг хүндэрсэн аймгуудаас оторчид олноор очиж өвөлжсөн тул бэлчээргүй болжээ. Олон малын хөлөөр талхагдсан бэлчээртэй хатуу хавар хаачихаа мэдэхгүй малчид олон боллоо.
Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн 74 сумаас малчид зарим аймгийн нутагт отроор яваа гэсэн тоо байгаа. Өвлийн цагт үргэлжилсэн их цасан шуурга, хүйтэн салхи тавьсан ч өвөлдөө мал тэгтлээ зутардаггүй. Харин зун, намар тарга тэвээрэг аваагүй, өвөл зутруухан орсон мал хавар туйлдана. Ер нь хавар бол малчдад хамгийн чанга улирал байдаг. Ийм л цаг үед нь харж хандахгүй бол асар их хохирол амсана. Бүрэн улсын төр ганцхан цар тахал хэмээх өвчин тойрч, бусдыг мартаад байж болохгүй.