Булган, Орхон аймгийн 2021-2024 онд хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, С.Батжаргал нар гарын үсэг зурлаа.
Орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд байгуулсан гэрээ нь газрын харилцаа, барилга хот байгуулалт, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшиг осол болон гал түймэртэй тэмцэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, авто зам, нийтийн зорчигч тээвэр, биеийн тамир спорт, соёл урлаг, хил залгаа сумын хамтын ажиллагаа, татварын болон мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, боловсрол зэрэг чиглэлээр хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна. Гэрээг хэрэгжүүлэхээр хамтран зохион байгуулах ажлын 2021 оны төлөвлөгөөг баталсан бөгөөд түүний хэрэгжилтийг ирэх жилийн нэгдүгээр сард тооцож, дүгнэх юм.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:
- Булган, Орхон аймаг 2009 оноос хойш гэрээ байгуулж нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажилласаар ирсэн. Өнөөдөр байгуулж байгаа гэрээ хоёр аймгийн аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тэдгээрийг дагасан олон зуун ажлын байр бий болгоход чиглүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ гэлээ.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:
- Хоёр аймаг бүхий л түвшинд хамтран ажилласнаар тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж нээгдэж, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч иргэд, олон нийтэд очих үр өгөөж улам хүртээмжтэй болж, олон бүтээлч ажил зохион байгуулна гэж үзэж байна. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, хил залгаа нутагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон үйлдвэрлэл өргөжүүлэх нөхцөл бүрдүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэх зэргээр шинэлэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж гэрээ байгуулах ёслолын ажиллагаан дээр хэллээ.
Мөн Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран ажиллах гэрээ байгууллаа.