Эх орон маань яагаад хөгжиж дэвжихгүй байгаа нэг гол шалтгааныг энэ хэдхэн зургаар төлөөлүүлэн тайлбарлах уу? Тайлбарлах ч багадана даа, зарга үүсгэж өчихөөр шийдлээ. Санзайн булагийн аманд орших нэг гэмгүй монгол айлыг (лав монгол айл гэж бодож байна. Гадаад айлын сууц биш байлтай?) ийм болгож тавьжээ. Бямба-Нямд очих тоолондоо тэндээс ундны усаа авдагсан. Одоо хөлдчихлөө. Дараа зун болтол тийшээ очихгүй.
Би нохойгоо хөтлөөд тэр хавиар байнга зугаалдаг. Харин энэ байшингийн дэргэдүүр өнгөрөх тусам өр өвдөөд тэсч чадсангүй бичихээр шийдлээ. Уншигчиддаа хэргээр хүргэе гэж шийдлээ. Сүйтгүүлсэн тэр байшингаас санаа сэдэл аваад гарчгаа ердөө л ингэж сонголоо. Өөрөөр гарчиглах хүсэл ч алга. Сүйтгэсэн эзэд нь сэтгэлийн таашаал авдаг юм уу, ашиг хонжоо хайдаг юм уу, эсвэл өс хонзонгоо тайлдаг юм уу, эсвэл яадаг ч юм. Ганц дүгнэлт – ТЭНЭГЛЭЛ, бүр УСАН ТЭНЭГ ЯВДАЛ!
Гэмгүй энэ айлын сууцыг орос, хятад, америк, япон, герман, солонгос, турк, энэтхэг хүн лав очиж ингэж хорлохгүй. Би үзэж хараагүй ч тэгж баттай хэлж байна. Энэ тэнэглэлийг хэн хийсэн бэ? МОНГОЛ ХҮН л хийсэн. Өөр хэн ч биш, монголчуудаас л ийм хорлонтой тэнэг үйлдэл гарна. Шалтгаан нь ердөө ойлгомжтой. Тэр бол АТААРХАЛ. Яалаа гэж атаархдаг юм бэ? Гэмгүй, ядахнаа танихгүй айлыг хэзээ ч ингэхгүй гээд мэлзээд үз л дээ. Монголчууд өөрөөсөө илүү яваа, өөрөөсөө дээгүүр яваа болгоныг хялааж үздэг. Хэт гялалзвал дайсан олонтой болно. Ядуу муу, уруу дорой явбал хэн ч дайсагнахгүй. Иймд сайн яваагаа дордуулсаар доошлуулсаар өөрсдийнхөө зиндаанд аваад ирэх хүсэлтэй. Муудсаар муудсаар өөрийнх нь зиндаанд хүрээд ирвэл үү? Адилхан хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөчөөрхөх атаархах юм байхгүй. Хагалах цонх ч байхгүй.
Өнөөгийн Монголын нийгмийн харилцааны хөндүүр сэдвийг би хөндөж байна. Энэ өнцгөөсөө би АТААРХАЛ хэмээн шууд үзлээ. Атаархаж хорсохдоо хийж байгаа ажил үйл нь ердөө энэ, зурган дээр байж байна. Чаддаг ганц нь. Сайн чадсан байгаа биз, сайн харцгаа!
Эх орон олигтой хөгжихгүй байна. Нэг байрандаа дэвхцээд, эсвэл урвуу дэвшлээр яваад байна. Ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, байхгүйтэл, мөнгөгүйтэл..... улс төрчдийн амны уншлага. Олон шалтгаан байдаг бол магадгүй монголчуудын атаархал ба тэнэглэл нь гол шалтгаан нь юм биш үү? Эргэцүүл дээ. Хариул даа! Энэ зурагт өөрөөр ухаалаг, эерэг нэp өг дөө! Эрхэм уншигчид аа?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү