Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд өглөө бүр алгасалгүй 07:00-09:00 цагийн хооронд тойргийнхоо хороодын автобусны буудлууд дээр штабынхаа залуустай хамт зогсож өөрийн биеэр нэрийн хуудсаа тараадаг байлаа. 14 хоногийн хугацаанд өөрийнхөө гар дээрээс 20 000 орчим нэрийн хуудсыг тарааж, иргэдтэй мэндэлсэн.
Нэгэн өглөө хоёр ихэр хөөрхөн хөвгүүдээ дагуулсан ах ирж явааг хараад тосон очиж нэрийн хуудсаа өглөө. Хөвгүүдээ сургуульд нь хүргэж өгч байгаа бололтой яаран цааш яваад өгөв. Би нааш цаашаа автобусны буудал, байрны орц гарцаар нэрийн хуудсаа тарааж явсаар өнөөх газраа хэсэг хугацааны дараа эргээд иртэл ах намайг хүлээж байв.
- За Оюунзул хүрээд ирсэн үү? Манайд очиж бодит амьдралтай танилц, байгаа байдлыг минь үз гээд нэлээн ширүүхэн хэлэв. Бодит амьдрал мэдэхгүй төлөөлөгч болно гэж байхгүй шүү гэв.
Ингээд би ахыг дагаад хэдэн гудмын цаана байх гэрт нь очилоо. Ах нэлээн архи үнэртүүлчихсэн, гэхдээ эрүүл байх гэж их л хичээж байгаа мэдрэгдсэн.
- Би таван хүүхэдтэй, хүүхдүүдээ тэжээх гээд олдсон ажилаа хийдэг. Тэрнээс тогтсон ажил бол байхгүй. Угаасаа намайг ажилд авдаггүй юм.
- Гэхдээ та архи уугаад байж болохгүй ш дээ гээд би шуудхан л хэлчихэв.
- Үгүй ээ, хүнд нэг ажил хийгээд өгөхөөр л заавал архи өгөх юм. Тэрийг нь тэгээд уухгүй гээд яах вэ дээ.
- Ийм сайхан таван хүүхэдтэй хүн гэр бүлээ бодоод архи битгий уу. Та ингэж ярьж болохгүй ээ. Архины оронд мөнгөө авъя л гээд хэлж бай.
- Тэгж хэлээд нэмэргүй ээ ...
Ийм яриа өрнөсөөр гэрт нь ирэв. Нэлээн олон жилийн өмнө баригдсан болов уу гэмээр 2 байшингийн урд байшин руу дагуулж оров. Гэрийнхэн нь унтаж байлаа.
- Уг нь танай хашаа байшин юу юугүй дахин төлөвлөлтөнд орох боломжтой юм байна даа.
- Үгүй ээ, энэ газар байшин аль нь ч манай гэрийн хэний ч нэр дээр биш. Эндээс хөөгдвөл бидэнд очих газар байхгүй. Би цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн, тэгээд гэмтээд цэл залуугаараа группэд орсон. Газрын асуудлаар өчнөөн өргөдөл өгсөн. Тоодоггүй юм билээ. Ингээд энэ улсад огт хэрэггүй хүн болчихсон. Энэ асуудлуудаа би хэнд хэлэх юм бэ, чамд л хэлж байна гэв.
Ингээд бидний яриа болох болохгүйн дунд үргэлжилсээр дуусч, ирсэн замаараа бид буцав.
Энэ үйл явдлаас би юу хэлэхийг хүссэн бэ гэхээр:
Ажилтай хүн цалинтай бас завгүй. Тиймээс ажилгүй, ажил хийх хүсэлтэй иргэдээ ажлын байраар хангаж, зуучлах ажлаа төр хамгийн сайн хийвэл үүнийг дагасан олон асуудлыг нэг талаас нь эмх цэгцэнд оруулах боломжтой. Хөгшин гээд, групптэй гээд хүнийг дорд үздэгээ, чадахгүй гэж шууд дүгнэдэгээ болих хэрэгтэй.
Манай Баянзүрх дүүрэгт газрын асуудал их, амьдарч буй хашаандаа өчнөөн сая төгрөгөөр байшингаа барьчихсан боловч газар өмчлөх гэрчилгээгүй гэсэн өргөдөл, гомдол өргөөд удаж байна гэсэн яриа зөндөө. Тиймээс эдгээр хүмүүсийн асуудлын зөв гарцыг олж нэг тийш нь шийдэхгүй бол амьдралын баталгаа алга.
Архи дагасан сайн зүйл би амьдралдаа сонсоогүй. Тиймээс аавуудаа, эрчүүдээ, ээжүүдээ, эмэгтэйчүүдээ архи бүү уугаач. Аав архи уувал амьдрал сүйрч, ээж нэмээд уувал амьдрал дуусна !
Эдгээр зүйлс бол миний дуу хоолой болох, хийх, оролцох ажлуудын маань нэг хэсэг гэж би харж байна.
ЭЦЭСТ НЬ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙСАН Ч АРХИ БИТГИЙ УУГААРАЙ АХ НАРАА!
НИТХ-ын төлөөлөгч Үнэнбатын ОЮУНЗУЛ
2020.10.26