Улс төрд найз байхгүй, мөнхийн эрх ашиг бий гэдгийн тод жишээг МАН Д.Сумъяабазарыг хотын даргад нэр дэвшүүлж буйгаас харж болохоор байна.
Ердөө хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сүүлийн гурван удаагийн буюу 11 жил АН-ын нэр дэвшигч Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир МАН ирэх жил болох Төрийн тэргүүний сонгуульд өмнөх жилүүдийнхээс илүүтэй ач холбогдол өгч байна. Иймдээ ч УИХ-д гурвантаа сонгогдож, Засгийн газрын гишүүн хүртэл хийж явсан Д.Сумъяабазарыг МАН нийслэлийн дараагийн Засаг даргад нэр дэвшүүллээ. Энэ бол санамсаргүй хэрэг огт биш.
Нийслэл хотод улсын хүн амынх нь тэн хагас амьдардаг, тэр хэрээр сонгогч олонтой. Гэсэн ч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд үеийн үедээ нийслэлд хамгийн бага санал авч байв. Тиймээс сүүлийн хоёр удаагийн орон нутгийн сонгуульд МАН нийслэлд олонх болсон давуу талаа ашиглан, хотын намын хорооны дарга Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн нийслэлийг удирдуулахаар шийдэж байгаа нь олон салаа утгатай. Одоо тайлбарлая.
Нэгдүгээрт, МАН нийслэлийн намын хороонд зарим аймагт талцал үүссэн шиг байдал бий болгохгүйн тулд хотын даргыг У.Хүрэлсүхийн, ИТХ-ын даргыг хотын фракцад эн тэнцүү хуваарилав. Энэ нь Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө МАН-д үүссэн зөрчлийг гал унтраах маягаар шийдсэн ажил боллоо. Нөгөөтэйгүүр Ардын Засгийн газарт багтаж чадаагүй Д.Сумъяабазарын “сонирхлыг” нэг талд гаргав. Гэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүн нийслэлийн Засаг дарга болох шийдвэр гаргана гэдэг хувь улстөрчийн хувьд амаргүй, эрсдэлтэй алхам. Энэ удаагийн парламентын сонгуулиар 24 мандатаас 22-ыг нийслэлд УИХ авсан. Цаашлаад нийслэлийн 45 мандатаас 34-ийг нь авсан.
Хоёрдугаарт, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болох орон зай үүссэн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АН-ын гишүүнчлэлээ сэргээхэд хүргэв. Харагдах байдал нь ийм ч, энэ тохироог Ц.Элбэгдорж төдийгүй МАН-ын удирдлагууд хөшигний ард ярилцсан гэсэн үг. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчийн, нам дотроосоо Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахад хүндрэл, том өрсөлдөөн бий болгов.
Гуравдугаарт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентад суудалтай нам, эвслийн төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Энэ хүрээнд МАН, АН, МАХН, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ өрсөлдүүлэх боломжтой. МАХН-аас ирэх оны сонгуульд санал хуваах зорилгоор хүн өрсөлдүүлж, оронд нь Энхбаярын Батшугарыг Сонгинохайрханд дүүрэгт нөхөн сонгуульд УИХ-д нэр дэвшүүлэх хувилбар байж болох юм. Угаас Э.Батшугар өнгөрсөн парламентын болон НИТХ-ын сонгуульд тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялагдал хүлээсэн билээ.
Дөрөвдүгээрт, ХҮН-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэр дэвших боломжтой эсэхээ тандаж, олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн үзэл бодлоо “ХҮН-ийнхан манайх нэр дэвшүүлэхгүй” гэх мэдэгдэл хийнгүүт хуурамч аккуант байсан гэсэн нь өөрөө Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгууль, цаашлаад ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол өндөр байгааг илтгэнэ.
Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлнэ гэвэл дөрвөн кандитат өрсөлдөхөөр байна.
МАН нийслэлийн намын хороонд зарим аймагт талцал үүссэн шиг байдал бий болгохгүйн тулд хотын даргыг У.Хүрэлсүхийн, ИТХ-ын даргыг хотын фракцад эн тэнцүү хуваарилав. Энэ нь Ерөнхийлөгийн сонгуулийн өмнө МАН-д үүссэн зөрчлийг гал унтраах маягаар шийдсэн ажил боллоо
Тиймээс МАН-ын боловсруулж буй тактик генсек Д.Амарбаясгалангийнх нь хэлсэн үгнээс тодорхой харагдаж байв. Тэрбээр “Нийслэлийн МАН-ын хороо томоохон шинэчлэл өөрчлөлтөө улам сайн бэхжүүлж, дараа дараагийн сонгуульд илүү өндөр амжилт гаргаж яваасай гэж намын ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс үзэж байгаа. Энэ чиглэлд нийслэлийнхээ МАН-тай хамтарч өргөн хүрээний ажлуудыг ирэх жилүүдэд зохион байгуулж ажиллана.
Ирэх жил МАН-ын 100 жилийн ой болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай. 2016, 2017 оны сонгуулиудыг харахад, бид нийслэл Улаанбаатар хотдоо амжилт гаргах байдал өмнөх жилүүдийнхээс ахицтай байсан. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотод ихээхэн алдагдал хүлээдэг нь ялагдлын гол шалтгаан болж байсан. Тэгэхээр дараа жилийн сонгууль гэдэг бидний хувьд хүч сорих томоохон тулаан юм.
Нийслэл хотод хоёр дараалаад 34 суудал авч ялалт байгуулж байна. Энэ бол нийслэл Улаанбаатарчууд МАН-ыг дээрээ ч тэр, дунд түвшиндөө, анхан шатандаа ч тэр Улаанбаатар хотыг удирдаж хотын замын хөдөлгөөний түгжрэл зэрэг асуудлыг арилгах боломж олгож байгаа гэж үзэж байна. Энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой” хэмээжээ.
Энэ нь нийслэлийн намын хорооны дарга Д.Сумъяабазарын хүчийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглана шүү, түүний шагналд хотын мээр гэх албан тушаалыг өглөө гэсэн үг байв. Тэгэхээр ирэх оны сонгуулиас хамаарч Д.Сумъяабазар хотын даргаар хэр удаан ажиллах нь тодорхой болох нь ээ. Хэдий нэг нам засаглаж байсан ч МАН өнгөрсөн дөрвөн жилд хоёр ч удаа хотын болон ИТХ-ын даргаа сольж байсан билээ. Иймийн учир л улс төрд найз байхгүй, мөнхийн эрх ашиг л бий гэх үг гарсан биз ээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН