
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Бичигтийн-Өндөр гэдэг газарт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар алба хаагчид зургаа дахь өдрөө ажиллаж байна.
Түймрийг аравдугаар сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраах ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 23 алба хаагч, гурван автомашинтай ажиллаж байгаа юм.
Дорнодын Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр алдаж, 80 хувь нь шатсан болохыг Засаг дарга Ш.Ёл мэдээлсэн. Түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Дашрамд дурдахад, он гарсаар аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 63 суманд нийт 172 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ.
Аймгуудаар авч үзвэл, Дорнод аймагт хамгийн олон буюу 61 удаагийн түймэр бүртгэгдсэн бол Сүхбаатар аймагт 39, Хэнтий аймагт 28 удаагийн түймэр гарчээ.







