Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нийт 8.8 сая га бэлчээрийн талбайтайгаас 7.4 сая га талбайг ашиглах боломжтой, үүнд 2.0-2.5 сая мал бэлчээрлэх даацтай юм байна. Тэгвэл энэ онд Баянхонгор аймгийн зуншлага, газар нутгийн гарц талаас илүү хувь нь муу буюу 55 хувь, 45 хувь нь дунд гэж тогтоогджээ.
Цаашид хур бороо орсон ч газрын гарц сайжирч модлог, бутлаг ургамал ургах боломжгүй, говийн сумдад бутлаг ургамал ургаагүйгээс тэмээн сүрэг, ялангуяа ботготой ингэ хорогдож байгааг албаныхан хэлж байна. Мал сүргийн 42 хувь буюу 2.5 сая мал дундаас доош тарга хүчтэй, отор нүүдэл хийсэн ч газрын гарц дийлэнх нутаг дэвсгэрт муу байгаа тул тарга хүч нэмэгдэхгүй, отрын замд мал сульдах, тамир тэнхээ алдах байдал ажиглагдаж байгаа аж.
Ялангуяа говь, тал хээрийн сумдад мал өвөлжих боломжгүй болсон бол Хангайн сумдын малчид нутаг дэвсгэртээ өвөлжиж, хаваржих боломжтой ч малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Тиймээс тус аймгийн дундаас доош тарга хүчтэй /1 сая/ малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарал хандуулж, орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд экспортын эрх олгох, мөн эрх авсан компаниудыг тэргүүн ээлжинд Баянхонгор аймгаас мах бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэх, Сум, орон нутгийн өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд 500 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт орон нутгаас уламжлаад байгаа юм байна.