Булган аймагт “Айргийн өдөрлөг” боллоо.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ивээл дор “Анхдагч хөгжил клуб” төрийн бус байгууллага зохион байгуулсан тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, С.Ганбаатар, Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нар болон аймгийн удирдлага, сумын иргэдийн төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Айраг ундааг сурталчлан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг бүрийн төлөөлөл оролцсон томоохон үйл ажиллагаа болгож хөгжүүлэхийг зорьж байна” гэлээ.
Энэ үеэр адуу, айраг дагасан уламжлалт соёл, ахуй ёс заншлыг сурталчилсан тоглоом наадгай, уралдаан тэмцээн Өрмийн цагаан нуурын эрэгт боллоо.
Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Х.Банзрагч “Адуучин”, Сайхан сумын иргэн Д.Нансал “Дэмбээ сайн уу?”, Баян-Агт сумын Шарга багийн иргэн Г.Баярбаясгалан “Айраг хэн сайн уух вэ?”, мөн сумын Хүрэмт багийн иргэн Х.Эрдэнэ-Очир, Б.Хулан нар "Хос морьтон" тэмцээний тэргүүн байрт шалгарлаа. “Сайхан айраг” шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Орхон сумын 3-р багийн малчин Ч.Пүрэвжаргалын айраг орлоо. "Айраг хэн сайн уух вэ?" тэмцээний тэргүүлсэн Г.Баярбаясгалан хоёр минутын хугацаанд 4,5 литр айраг ууж түрүүлсэн юм.
“Айргийн өдөрлөг”-ийн тэмцээн уралдааны нийлбэр дүнгээр Хишиг-Өндөр сум тэргүүн байр эзэлж, шилжин явах цом хүртлээ. Баян-Агт, Хутаг-Өндөр сум удаах байрт шалгарав. Ирэх жилийн айргийн өдөрлөгийг шилжин явах цомын эзэн Хишиг-Өндөр суманд зохион байгуулахаар боллоо.