Өнгөрсөн долоодугаар сард манай сайт Хэнтий аймагт баригдах ёстой 1500 хүүхдийн хүчин чадалтай нэгдүгээр сургуулийн тендерийн будлиан шүүхийн шатанд очсон тухайг мэдээлж байсан. Хэрвээ тендер будлиагүй бол сургуулийн барилгын ажлыг гуравдугаар сараас эхлүүлж одоо дуусах шатандаа орох байв.
Мэдээж тендер будлилуулж улсын ажлыг гацаасан хүмүүс нь нөгөө л хэдэн дарга нь. Анх энэхүү тендерт “Содон номин констракшн”, “Айникс инженеринг”, “Хар чонот”, “Монкон констракшн” гэсэн 4 компани оролцсон байдаг. Үүнээс тендерийн үнэлгээний хорооны эхний хурлаар гишүүдийн 83.3 хувийн саналаар “Содон номин констракшн” ХХК шалгарсан ч тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун гэх эмэгтэй үнэлгээний хорооны даргын албан тушаалаа ашиглаж дахин хурал зарласан байна. Тэгтэл “Содон номин констракшн” ХХК мөн л 66.6 хувийн саналаар хоёр дахь удаагаа ялалт байгуулахад засаг ноёны орлогч бүсгүйд таалагдаагүйн улмаас гурав дахь хурлыг зарлажээ. Гэтэл сүүл мушгиж явсан “Монкон констракшн” ХХК 66.6 хувийн саналаар ялалт байгуулж, сургуулийн барилгын ажлыг авах болжээ.
Өөрөөр хэлбэл, зарлагдсан тендерийн хугацаа дууссан учраас Г.Хэрлэнчулуун дарга Сангийн яам руу 14 хоног хугацаа сунгах хүсэлт явуулж ийнхүү заавал ялах ёстой “Монкон констракшн” ХХК-ийг ялуулж санасандаа хүрчээ.
Хэрвээ уншигчид анзаарсан бол хоёр удаагийн хурлаар үнэлгээний хорооны гишүүд “Содон номин констракшн” ХХК-д 83.3, 66.6 саналыг өгсөн хэрнээ гурав дахь хурал дээрээ яагаад “Монкон констракшн” ХХК-ийг ялуулах санал өгөв гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун нь илтэд “Монкон констракшн” ХХК-ийг ялуулахын тулд байсан учраас гишүүдийн санал өөрчлөгдөж тус компанид саналаа өгчээ гэж харагдаж байна.
Мэдээж тендерт оролцсон нэр бүхий компаниуд энэхүү булхай үйлдэлтэй эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж Хэнтий аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд хандаж орлогч дарга бүсгүй болон хууль бусаар тендерт ялсан “Монкон констракшн” ХХК-ийг шалгуулахаар болсон юм. Ингээд тус аймгийн эл газрын шүүхийн шийдвэр долоодугаар сарын 16-нд эхний хэлэлцүүлгээ хийж гомдол гаргасан гурван компанийн нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоо гэсэн захирамж гаргасан. Гэтэл хууль бусаар тендерт хүртэл ялсан “Монкон констракшн” компани шүүхийн шийдвэрийг үл тоож ажлаа явуулсаар л байгаа нь дарга бүсгүй Хэнтий аймагт ямар их хүч нөлөөтэйг харуулав.
Ингээд бид энэ асуудлыг дахин нягтлахаар аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулууны 9999.... дугаарын утас руу залгаж, мессеж бичсэн ч тэрбээр хариу өгсөнгүй.
Яг үнэндээ Г.Хэрлэнчулуун дарга “Монкон констракшн” ХХК-ийг тендерт ялуулсныхаа дараа Улаанбатар хотод байр авсан гэх мэдээлэл ирсэн юм. Энэхүү ноцтой асуудал үнэн эсэхийг түүнээс лавлахыг хүссэн ч тэрбээр утсаа авах нь бүү хэл мессежинд ч хариу өгөөгүй юм.
Тиймээс АТГ болон хууль хяналтын байгууллага 13 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Монкон констракшн” компани яагаад тендерт ялав. Мөн дарга хатагтай хууль бусаар тендерт ялсан “Монкон констракшн” компаниас дээр дурдсан орон сууцыг хахуульд авсан уу гэдгийг шалгах хэрэгтэй болов уу. Учир нь тендерт бага үнийн санал өгсөн компани ялдаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс л арын хаалгагүй, ном журмынх нь дагуу тендерт орж ялалт байгуулсан “Содон номин констракшн” ХХК болон бусад компани энэ будлиантай тендерийн асуудлыг шалгуулахаар шүүхэд хандсан нь энэ юм.
Бид энэхүү будлиантай гэх тендерийн асуудлыг үргэлжлүүлэн хүргэх болно...
Erennews.mn