Энэ сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт Цагаан хад боомтод нүүрс тээврийн жолооч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гэвч өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд Цагаан хад боомтод дахин нэг нүүрс тээврийн жолооч амиа алджээ. Өмнөговь аймгын иргэдийн яриагаар амиа алдсан жолоочыг өндөр халуурч улмаар эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан хэмээсэн бол онцгой байдлын албаныхан сэжигтэй тохиолдол хэмээн үзэж худалдаа үйлчилгээний газруудыг болон бусад хөл хөдөлгөөнтэй гудамж, талбайг хаажээ.
Нүүрс тээвэрт явдаг бусад жолооч нарын хувьд тээвэрт явалгүй хорь гаруй хоног машиндаа амьдарч байгаа тухайгаа хэлсэн юм. Олон хоногын турш халуун наранд, олон зуун машин дугаарлаж эрүүл мэнд, амь насаа алдсаар байна.
Наад зах нь Цагаан хад боомтод эрүүл ахуйн ямар ч шаардлага хангах зүйл байхгүй, хөдөлмөр хамгаалал гэсэн ойлголт ч алга. Түйрэн тоосжилт элсэн шуурга нүүрсний хог бужигнаж боссон, дайн дажин, түймэр гамшиг тохиолдсон газар мэт байдалтай байна...
Энэ мэт аймшигтай нөхцөл байдалд нүүрс тээврийн жолооч нар тээвэрлэлт хийсээр, амь насаараа хохирсоор байна.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN