
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2025 оны зургаадугаар сард хийсэн хөрсний шинжилгээгээр, Улаанбаатар хотын 9 дүүргийн 23 байршлын 60 гаруй хувьд нь хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байна. Шинжилгээгээр хар тугалга, цайр, мөнгөн ус гэх зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис илэрчээ.
Эдгээр бодис нь мэдрэлийн тогтолцоог гэмтээж, үргүйдэл, хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Баянхошуу, Дамбадаржаа, Зүүн салаа зэрэг гэр хорооллын бүсүүдэд ахуйн бохир ус асгах, жорлон, угаадас хольж хөрсөнд шингээх явдал түгээмэл байсаар байна.
“UNEP” (НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨР)-ӨӨС МОНГОЛД ХИЙСЭН ОРЧНЫ БОХИРДЛЫН ҮНЭЛГЭЭНД (2022–2024);
- Монгол Улсын уул уурхайн бүс, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын түвшинг үнэлсэн.
- Хорт металлын (Pb, Cd, As) агууламж уул уурхайн бүсүүдэд өндөр байгаа бөгөөд эдгээр нь хөрсний чанар, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
- Тус тайлан нь Монголын төр засагт бохирдлын хяналт, нөхөн сэргээх арга хэмжээг сайжруулах чиглэлээр зөвлөмж өгсөн.
Өмнөд Германы RWTH Aachen болон GMIT хамтран хийсэн судалгаанд;
Улаанбаатар хотын Налайх болон Багануур дүүрэг мөн Эрдэнэт хотын хөрснөөс дээж авч, Ni, Cu, Zn, As, Cr, Pb зэрэг хорт металлуудын түвшинг олон улсын стандарттай харьцуулжээ.
- Багануур дүүрэг: Цайр (Zn) 2.8 дахин, As 3 дахин их
- Эрдэнэт: As 2.4, Хром (Cr) 1.7, Зэс (Cu) 8.1, Цайр (Zn) 1.2 дахин их агууламжтай байсныг тогтоосон.
- Хөрсний хамгийн хүнд бохирдолтой хэсэг нь тухайн газрын нийт талбайн 3–5%-ийг эзэлж байжээ.
2025 оны байдлаар Улаанбаатар хотод 180,000 гаруй өрх бохир усны төвлөрсөн шугамд холбогдоогүй байгаа бол тэдний дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Соруулдаг автомашин хүрэлцээгүйн улмаас бохир нь худагт нэвчиж, ундны усыг бохирдуулж байна. Энэ нь хүн амын дунд гэдэсний халдвар, хеликобактер, элэгний өвчлөл нэмэгдэх шалтгаануудын нэг болж буй юм.
Үүний эсрэг Монгол улсын зүгээс эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Бохир усны цэвэрлэгээ, дэд бүтцийн шинэчлэл:
- Дэлхийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хот болон бусад бүс нутагт бохир усны төв цэвэрлэх байгууламж барьж, хөрсний бохирдол, усыг хамгаалах дэд бүтцийг өргөтгөж байна.
“Ногоон хөгжлийн бодлого”:
- Монгол Улс “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрсийг нөхөн сэргээх, бохирдолыг багасгах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж, олон улсын санхүүжилт болон технологийн дэмжлэг авсаар байна.
Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ:
- ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хорт металлын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн хяналт, сургалт хийх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Хөрс бол эрүүл амьдралын үндэс. Хэрэв Улаанбаатарт хөрсний бохирдлыг үл тоон орхигдсоор байвал ирээдүйд хүн амын эрүүл мэндийн хямрал нүүрлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
М.НАМУУН
https://news.mn/r/2815097/