Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга


Улс орны тогтвортой хөгжлийг эдийн засгийн өсөлтөөс гадна хүн амын амьдралын чанараар нь хэмждэг билээ. Амьдралын чанар гэдэг нь товчоор ойлговол, ард иргэд нь эрүүл, аюулгүй амьдарч урт насалж удаан жаргах тухай юм.

Манай улс уул уурхайд суурилсан эдийн засагтай, эдийн засгийн өсөлт нь зэс, нүүрсний экспортоос шууд хамааралтай. Тухайлбал, Монгол Улс 2022 онд 1.45 сая тн зэсийн баяжмал экспортолж, үүнээс 2.73 тэрбум долларын орлого олжээ. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээгээр бид дэлхийд Перу /6.65 сая тн/, Индонези /3.13 сая тн/, Чили /2.85 сая тн/, Австрали /1.59 сая тн/, Мексик /1.57 сая тн/ гэсэн орнуудын дараа 6-д, харин экспортын орлогын хэмжээгээр Чили /22.7 тэрбум дол/, Перу /13.4 тэрбум дол/, Индонези /9.2 тэрбум дол/, Австрали /4.9 тэрбум дол/, Канад /3.5 тэрбум дол/, Мексик /3.1 тэрбум дол/, АНУ /3 тэрбум дол/, Панам /2.79 тэрбум дол/, Бразил /2.74 тэрбум дол/ гэсэн орнуудын дараа 10-т жагсаж байна. Экспортын биет хэмжээ, олж байгаа орлого хоорондын ялгаанд зэсийн баяжмалын агуулга, экспортын худалдааны үр ашиг, тогтвортой гэрээ, ил тод байдал, уялдаа, хамтын ажиллагаа гээд олон зүйл яригдаж таарна. 

Ямар боловч Монгол Улс дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болж ирж байгаа бөгөөд цаашид Цагаан суварга зэрэг бусад ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тус зах зээлийн хэтийн төлөвийг тодорхойлогчдын нэгээр хөгжих стратегийн боломжтой. Дэлхийн хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд зэсийн эрэлт эерэг хандлагатай байгаа нь ч тодорхой. 

Зэс улс орны маань эдийн засагт, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж байна. Харин хүн амын амьдралын чанарт зэсийг хэрхэн бодлогоор хэрэглэх талаар өгүүлье. 

Зэс бол дахин ашиглах боломжтой, чанараа алддаггүй цөөхөн үнэт металлын нэг юм. Монголчууд бид эрт үеэс зэсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, түүний анагаах шимийг хүртэж иржээ. Зэс домбо, аяга, сав, суулга, шанага, зэс зүүлт, бугуйвч зэрэг нь нүүдэлчин Монгол ахуйд өргөнөөр хэрэглэгдэж байв. Зэс нь хүний эрүүл мэндэд дараах ач холбогдолтой. Үүнд:

Зэс аяга, сав суулганд хонуулсан ус зэсийг агуулж, түүнийг ууснаар хүний биеийн булчингийн системийг бэхжүүлдэг.
Зэс нь нян бактерийг устгах үйлчлэлтэй.
Эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулж, цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг.
Нуруу, бөөр, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос элэг, цөс, ходоод, уушгины өвчлөлийг бууруулдаг.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, доктор профессор, 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв агсан “Зэс хэрэглэхийн гайхамшиг” нийтлэлдээ “зэс эдлэл нь өрх гэр, ам бүлийн бэлэн сувилагч байсан” гэж онцолжээ. Тэрээр зэсийн ач холбогдлыг ингэж тодорхойлж байжээ. Үүнд:

Бүйлс булчирхайн хавдрыг дардаг.
Саа өвчин, мэдрэл тасалдсаныг зэсээр жиндүүлж засдаг.
Зүрхний цус дутагдахад хүзүүгээ тойруулан зэс зоосоор жин тавьдаг.
Хамар дотор тал хавдах, хатах тохиолдолд зэс зоосон мөнгөөр нүдний булан, хамрын нахиуд жин тавьдаг.
Дүлийрэхэд зэсээр чихээ бөглөдөг.
Яршихад зэс хавтангаар дарж боодог.
Сэлхрээг /хаван/ зэс дардаг.
Хөх няц болсон газрыг зэсээр даруулна.
Сормуусны хавдрыг мөн зэсээр дарна.
Судас хатуурах, шижин өвчинд зэс эм болдог. Нуруун тус газар юмуу зүүн эрүүн дор зэс зоосоор даруулдаг.
Зүрхээр хатгаваас зэс зоосыг омрууны хонхорт байрлуулж гоюу наалтуураар нааж өгдөг байна.
Хүний бие махбодод агуулагддаг зэс нь зүрхний ажиллагааг зохицуулж, холестерины түвшнийг хязгаарлаж, чихэрлэг болон шээсний хүчлийн хэмжээг хянаж, ясыг бэхжүүлэхэд тусалж, хүний цусан дахь цагаан, улаан бөөмсийг боловсруулахад нөлөөлж, хэрх болон шархираа өвчин, зүрхний өвчин тусахаас сэрэмжлэхэд хэрэг болдог тухай судлаачид хэлж байна. 

Хүний эрүүл мэндэд үзүүлэх зэсийн онцгой ач холбогдлыг бусад улс орнууд ихэд анхаарч, зэсийг өдөр тутмын амьдралд нийтээр хэрэглэх нөхцөл, боломжийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, Швед улс цэвэр усны хоолой, шугамыг зэс трубагаар хийдэг, Шведүүд крантныхаа усыг шууд уудаг. Мѳн зэс данх, сав суулга, хайруулын тавгийг өргөнөөр уламжлан хэрэглэдэг, зэс эдлэлийг гэр ахуйн дэлгүүрүүдээр түгээмэл борлуулдаг аж. 

Бид Швед шиг болж болох уу. Манай улсад 1959 онд анх цэвэр усны шугам сүлжээг байгуулж байжээ. Өдгөө нийслэлийн хүн амыг өдөрт 150-160 мянган м3 усаар хангаж байна. Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн байдаг тул цэвэр, бохир шугам сүлжээний хүчин чадал хоёр дахин их ачаалалтай ажилладаг аж. Цэвэр усны шугам сүлжээг солих шаардлага үргэлжид байдаг боловч төсөв хөрөнгийн дутагдалтай байдлаас шалтгаалж шинэчилж чаддаггүй байна. Улаанбаатар хотод цэвэр усны нийт 548.4 км шугам байна. Үүнээс: 1959-1968 онд баригдсан 61.5 км, 1969-1978 онд баригдсан 36 км, 1979-1988 онд баригдсан 213.6 км, 1989-1998 онд баригдсан 23.3 км, 1999-2010 онд баригдсан 214 км.

Манай улс цэвэр усны шугам сүлжээгээ шинэчилж чадахгүй байгаагаас, мөн төмөр хоолой ашиглах хугацаа бага, зэврэх нь түгээмэл тул ундны цэвэр усны эрүүл ахуй, ариун цэвэр нэн тулгамдаж байна. Орон сууцанд, айл өрхийн цэвэр усны крантнаас зэвтэй ус гоожих нь өдөр тутмын үзэгдэл болж тогтжээ. Шууд хэлбэл, Монголчууд бид гүний цэвэр усаа зэвтэй хоолойгоор дамжуулан бохирдуулж хэрэглэж байгаа нь харамсалтай. Энэ асуудал манай улсын хүн амын хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Ундны ус нь суурь бохирдолтой бол эрүүл, аюулгүй хоол хүнс бэлтгэх, үйлдвэрлэх, хэрэглэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай ярих нь учир дутагдалтай. 
Хэрэв бид цэвэр усны шугам хоолойг зэс хоолойгоор сольж чадвал хүн амынхаа эрүүл мэндэд, амьдралын чанарт оруулах маш том хувь нэмэр болно. Энэ ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ санаачилгыг Эрдэнэт хотоос эхэлж болно. Өнөөгийн Эрдэнэт бол хот төлөвлөлтөө бүр алдаад туучхаагүй, харьцангуй цэгцтэй, зохион байгуулалт хийж болох газар. Дээр нь тус хот Эрдэнэтийн уурхайд түшиглэж анх байгуулагдсан, оршин суугчид нь Эрдэнэтийн уурхай, баяжуулах үйлдвэртэй ажил амьдралаа холбосон хүмүүс зонхилох тул энэ санаачилгыг хэрэгжүүлэх нь зүй ёсны хэрэг. Эрдэнэтчүүд Эрдэнэтийн зэсээ утга төгөлдөр ашиглаж, Л.Түдэв Их эрдэмтний тодорхойлсон “Зэсийн гайхамшиг”-аа хүртэх гавьяатай улс. 

Энэ санаачилгыг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн оруулах хувь нэмэр их байж таарна. Эрдэнэтээс сонгогдсон Их Хурлын гишүүд ч манлайлал үзүүлж болох юм. Эхний ээлжинд Эрдэнэт хотын ундны усны хангамжийг сайжруулах, ундны усны хоолойг зэс хоолойгоор солих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, дараагийн шатанд Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Эрдэнэт зэс хоолой” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, технологи нутагшуулах, үйлдвэрлэл эхлүүлэх, Эрдэнэт хот цаашлаад Дархан, Улаанбаатар хотын шугам хоолойг үе шаттайгаар солих ажлыг хэрэгжүүлж болно.

Шугам хоолой солих нь их зардал гэж харагдах боловч энэ зардал Эрдэнэт зэс хоолойн үйлдвэрийн орлого болж үлдэнэ. Энэ нь улс төсвөө нэг халааснаас нөгөөдөө хийж байгаатай адил. Эдийн засаг ингэж ажиллана. Худалдагч, худалдан авагч нь тодорхой, тоотойхон тул хувийн хэвшлийн оролцоо зохих хэмжээнд хангагдах нь зүйтэй. Ундны усны хоолойноос гадна байгалийн хийн хоолойг ч зэсээр үйлдвэрлэдэг гэдгийг нарийн судалж үзэх хэрэгтэй. Зэс ахуйн эдлэлийн жижиг дунд үйлдвэрлэл ч кластераар дагаж хөгжинө. Тухайлбал, зэрэгцүүлээд “Зэс шанага” хөдөлгөөн өрнүүлье. Сүүтэй халуун цайгаа хуванцар шанагаар самарч, аягалж, юүлж, хэрэглэж байгаад цэг тавья. Хуванцарын хэрэглээг зэсээр орлуулъя. “Зэс Монгол” жинхэнэ утгаар бүрэлдэнэ.

Дээрх санаачилга хэрэгжсэнээр стратегийн түвшинд, урт хугацаанд Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн нөхцөл, боломж бүрдэнэ. Улсын хэмжээнд айл өрх, албан газрын түвшинд хэдэн зуун мянгаар тоологдох ус цэвэршүүлэгч, ус шүүгч, ус буцалгагч ахуйн болон үйлдвэрлэлийн цахилгаан хэрэгслүүд, дагалдах материалын импортыг бууруулж, валютын гадагшлах урсгалыг багасгана. Багагүй зардал хэмнэх тухай яригдаж таарна. Түүнчлэн дотоодын зэс боловсруулах, зэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарын тогтвортой хөгжлийг хангана. Унаган байгальтай, нүүдлийн өвөрмөц соёл уламжлалаараа гадаадын аялал жуулчлал татах стратегитай GoMongolia бодлогод ч нийцнэ. Зэс цоргоноос шууд хүртэж эх газрын гүний цэвэр усны амтыг мэдэрнэ. 

сонин mn


Б.БАТБААТАР
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ