Сошиал хөгжсөнөөр хэн хүнгүй хол ойроос үл хамааран аливаа мэдээллийг газар дээрээс нь түргэн шуурхай авдаг болсон сайн талтай ч түүний бодит эсэхэд найдахад бас эргэлзээтэй. Юуг аль талаас нь харуулах нь нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээж буй тухайн хүний дурын асуудал. “За тэгээд хэдэн зүрх, лайк нь хаа юм” гээд аль болох дуулиан шуугиантай талаас сэвэхээс бус, яг шударга мэдээллийг олон нийтэд хүргэе гэсэн нь цөөн талдаа. Ном, сонин уншиж зүгшрээгүй, сошиалын богино, дуулиантай мэдээгээр “амласан” сүүлийн үеийн залуус чамин хачин, этгээд ондоо, сүр дуулиантай ч богино настай мэдээлэлд мансуураад эргэн тойронд болж буй жинхэнэ амьдралын үйл явдалд ач холбогдол ч өгөхөө больсон, анзаарах ч сэхээгүй болсон.
Тэгвэл тэр бодит мэдээ, мэдээлэл хэзээ хойно ч тогтмол хэвлэл, сонинуудын шарлаад байж л байдаг хуудсанд түүх болж бичигдэн үлддэг юм. Өдөр тутмын сонин худлыг бичих, дуулиан шуугиан тарьж олныг үймүүлэх ёсгүй, Монголд хийгээд гадаад улс оронд, дэлхий даяар тэр жилийн тэр өдөр юу болж өнгөрснийг одоо үл анзаарагдан хоцорч буй сонины хуудсаас л хожим хойтын хүмүүс олж мэдэх болно.
Нэгэн үе 20 гаруйгаар тоологдож байсан өдөр тутмын сонин өдгөө тавхан үлдсэн. Зах зээлийн зарчим нь ч тэр, захиалагчдын хэмжээ нь ч тэр, уншигчдын тархины багтаамж нь ч тэр, тийм л орон зай өдөр тутмын хэдхэн сонинд үлдэж. Гэхдээ л “Сүүлчийн Могикан” гэгчээр өдөр тутмын сонины гандан бууршгүй дайчид, бууриа сахисан сэтгүүлчид маань уншигчдыг бодит мэдээллээр хангах үүргээ биелүүлсээр л явна.
“Мэдээллийг бүтэн хоногийн дараа хүргэдэг”, “Хуучин юм гаргадаг”, “Сенсаац дуулиан байхгүй” гэсэн шалтгаар сонин уншдаг хүн цөөрсөн юм билээ. Гэхдээ ганц хоногийн насгүй сошиалын хуурамч мэдээ, зөвхөн нэг талыг барьсан лайв, хандалт авах гэсэн сүржин бичвэр, хувь хүний хэрүүл маргаан, өөрийгөө дөвийлгөсөн хэн нэгний мэдэгдлийн дэргэд сонин хэзээд бодит мэдээллийн эх сурвалж болдгоороо давуу талтай.
“Хамаг бүхэн бороо мэт арилахад харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн сошиал, цахим сүлжээний хамаг бүхэн нэг л өдөр арилан одоход өдөр тутмын сонины хуудаснаа үлдсэн мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, ярилцлага нэгэн зууны хойно ч дурайсаар, тухайн цаг үеийнхээ бодит гэрч, түүхэн эх сурвалж болсоор, бичиж үлдээсэн сэтгүүлчдийнхээ гэрэлт хөшөө байсаар үлдэх нь маргашгүй үнэн.
Харин өнөөдөр үүнийг үл анзааран төр, засгийн түвшинд “хэмнэлт” нэрээр сонин хэвлэл захиалах мөнгийг таначихсан, УИХ-ын гишүүд, сайд дарга нарын шуудангийн хайрцаг хэдэн албан бичгээс өөр зүйлгүй хоосон байх болжээ. Нөгөө 126 гишүүнээс Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин гэсэн хоёрхон гишүүн л сонин захиалсан байна. Бусад нь чухам юунаас улс орны амьдралын бодит мэдээллийг авдаг юм, бүү мэд. Уг нь үүнээс өмнө УИХ-ын гишүүд өглөө чуулганы хуралдаанд ирэхдээ ёс мэт бүгдээрээ сонин барьж ордог байв. Хуралдааны өмнө бүгдээрээ сонин дэлгэн уншдаг, бүр хуралдаа даргалагчаас “Сонингоо тавиад хуралдаа идэвхтэй оролцоно уу” гэсэн сануулга авцгаадаг байсан юм.
Төрийн гурван өндөрлөг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хэвлэлийн албад өглөө ажил эхлэхээс өмнө тухайн өдрийн хэвлэлд гарсан мэдээ, мэдээллийн тоймыг бэлтгэн ширээн дээр нь тавьсан байх ёстой. Тэгэхдээ мэдээллийг эерэг, сөргөөр нь буюу хийсэн ажлыг нь сайшаасан, шүүмжилснээр нь ялган тоймлож өгдөг, тэндээс төр, засгийн дээд түвшнийхэн ямар ажлыг нь дэмжиж, юуг нь шүүмжилж буйг ялгаж салгаж хардаг байв. Гэтэл хамгийн гайхмаар нь юу болсон гээч, хэд хоногийн өмнө Төрийн ордонд зарим гишүүний өрөөгөөр өдөр тутмын сонин оруулж өгөхөд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен гишүүний өрөөнд байсан ажилтан эмэгтэй “Хэрэггүй ээ, хог болоод байдаг юм” гэснийг яана. Сонин, хэвлэлтэй нөхөрлөдөг байсан ордны ажилтнууд одоо сониныг “Хог” гээд хээв нэг сэтгүүлчийнх нь өөдөөс хараад хэлдэг, тийм болчихож. Энэ хандлага сонины хуудсан дээр ийнхүү баримт болж үлдлээ.
Одоо ажиглаж байхад хэн хүний хэлсэн баримттай бус яриагаар, аль эсвэл сошиалын дуулианаар ажлаа явуулж, цөөхөн өдрийн настай лайвд итгэн салхин дэвүүр шиг дэрвэж явдаг төрийн түшээд ч харагдах болж. Хамгийн сүүлийн жишээ гэвэл хэдхэн хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатар “З.Энхболд үүр шөнийн заагаар алх бариад шинээр тавьсан бордюрыг хага цохиж зургийг нь авч явсан байна” хэмээн өндөр албаны хүний амнаас гарамгүй зүйл ярьж сууна. З.Энхболд ч Өвөрхангайгаас “Энд би мод тарьж явна. Хэдий завандаа алх бариад бордюр хагалаад явдаг юм” хэмээн лайваар хариу барина билээ. Хэзээ байтлаа өндөр албаны хүмүүс ийм дэл сул яриагаар ажил хийж байсан юм. Хэрэв тийм үйлдэл гарсан юм бол хаа сайгүй камержсан өдий цагт камераар шүүлгээд цагдаагаар нотлуулаад бариад авахгүй яасан юм. Үүнээс болж нийслэлд өрнөөд байсан зам засварын ажлаа болих юм хүртэл ярьсан. Мөнөөх л салхин дэвүүр мэт бодит бус мэдээллээр ажлаа явуулдгийн нэг сул тал энэ. Сошиалын мэдээ яах вэ, сүрхий шуурхай юм шиг атлаа буруудвал устгаад л хаячихна. Сайтын мэдээлэл ч нэг удаагийн засварлалтаар өчнөөн жилийн архивгүй болтлоо устаж байхыг үзэж л байлаа. Сонин бол хэзээд байна. Нэгэнт хэвлэгдсэн сонин дээрээс дараа нь юуг ч засаж, өөрчилж, устгах аргагүй. Тэр чигээрээ мөнхөрнө. Тийм учраас хариуцлагатай, найдвартай, бодит эх сурвалжийн мэдээлэл тэнд үлддэг юм.
Тэгэхээр одооноос бүгдээрээ дээр доргүй уншдаг л болцгооё. Ном, сонин уншдаг хүн наад зах нь хэлний баялагтай, зөв бичдэг болдог юм. Сошиалын хазгай муруй, хагас гадаад, хагас монгол, хагас латин, хагас кирилл бичгээр бус, сонин, номын сэтгүүлч, зохиогчид жинхэнэ монгол хэлээрээ алдаа мадаггүй бичдэг юм. Уншиж буй хүн юмыг эрэгцүүлдэг, боддог болдог. Үзсэн харснаа ямар ч шүүлтүүргүйгээр “Хүүе хаая” хэмээн дэвж сэвэхээ больдог юм. Нухаж, судалж, эргэн уншиж, тунгааж, боловсруулдаг болдог юм. Урьд хойдхоо эргэцүүлж харьцуулж дүгнэдэг болдог. Болсон үйл явдлын үнэн мөнийг хариуцлагатай эх сурвалжаас олж мэдэж сурдаг. Жилийн дараа энэ өдөр дэлхийд, Монголд юу болсныг бүрэн зураглалаар эргэн саная гэвэл өдөр тутмын сонины мэдээ, мэдээлэл л үлдсэн байх вий. Тэгэхээр дахин сануулахад, ялангуяа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд сонин хэвлэл захиалж уншиж сурцгаая. Бодит мэдээлэлд анхаардаг болцгооё.
https://news.zindaa.mn/4xll