УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр /2024.08.30/ олны нэрлэж буйгаар "Авлига хороолол" буюу "Aqua Garden" хорооллын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнөөдөр миний бие энэ газрын талаар ярихаас гадна юу хийсэн бэ гэхээр, тухайн газартай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл баримт нотолгоог цуглуулсан юм. Тодруулбал, 2008 оны есдүгээр сард нийслэлийн засаг дарга Т.Билигт дунд голын салаа урсгалд урсдаг 11.8 га газрыг "Эм Эн Жи" ХХК-д орон сууцны чиглэлээр ашиглах зөвшөөрөл өгсөн. Үүний дараа 2011 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийн зөвшөөрлийг эзэмших эрх болгож өгсөн. Харин 2013 онд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн газрыг ногоон байгууламж байгуулахаар өөрчилсөн. Үүний дараа 2018 онд нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа үйлчилгээнийх болгон өөрчилсөн. Харин 2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Эм Эн Жи компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох тушаал гаргасан. Гэтэл 2022 онд нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газрын гэрчилгээг сэргээн, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттайгаар “Эм Эн Жи” ХХК-д дахин олгосон" гэж мэдэгдлээ.