Налайх дүүргийн орон сууцнууд халуун усны хязгаарлалтаас шалтгаалаад сар гаруй халуун усгүй байсан. Гэвч өчигдөр /2024.07.30/ өглөөний 10 цагаас хойш хүйтэн усыг нь ч мөн тасалжээ.
Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдэд ч худгаас ус олгохыг зогсоосон гэнэ. Учир нь, Ус сувгийн удирдах газарт төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гурав хоног хязгаарлалт хийж байгаа гэх мэдээлэл байна.
Энэхүү шалтгаанаас болж Налайх дүүргийн иргэд цэвэр усны эрэлд гарч, ойролцоох дэлгүүрүүд нь цэвэр усгүй болжээ. Орон сууцны айл өрхүүд усгүйн улмаас ойролцоох ус өгч буй худаг хайж зарим нь айлын жорлон гуйж бие засаж байгаа гэнэ. Энэ талаар Ус сувгийн удирдах газар болон Налайх дүүргийн Чандмань Налайх ус суваг ОНӨААТҮГ-аас тодруулахад тодорхойгүй хугацаагаар хязгаарласан гэх тайлбарыг өгч байна.