Дундговь аймгийн ЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн төвөөс Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдад зориулан “Ирээдүйн эзэд-2024” мэргэжил сонголтын өдөрлөгийг 5 дугаар сарын 8-нд зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат болон Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн, ажил мэргэжлийн зөвлөх Ш.Сосорбарам, Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Бэхбат нар оролцож, ахлах ангийн суралцагчдад ирээдүйд хэрэгцээтэй байгаа мэргэжил, түүний онцлогийг танилцуулж, мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай мэдээлэл өгч, ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.
Энэ үеэр ЗДТГ-ын дарга Л.Доржбат ахлах ангийн суралцагчдад хүний нөөцийг хөгжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа аймгийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, цаашид мөн энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн залуу үеэ хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн, ажил мэргэжлийн зөвлөх Ш.Сосорбарам тавьсан илтгэлдээ “өөрийнхөө зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүүхэд бүр өөрийгөө таньж мэдэн Монгол Улсыг хөгжүүлэхэд эрэлттэй байгаа аж үйлдвэрлэл, технологи, шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлийг судалж, ирээдүйд амжилттай байх тэр л мэргэжлээ сонгоорой” гэж зөвлөлөө.
Тус өдөрлөгийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулсан ба 200 гаруй суралцагч оролцож, 15 хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө авчээ.