Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүл энэ долоо хоногоос ажиллаж эхэлж буй. Морьт эргүүл ажиллаж эхэлснээр гудамж талбай, Туул голын ай сав газарт үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурдаг байна. Мөн аялал жуулчлалыг дэмжих жилүүдийн хүрээнд цаашид морьт эргүүлийн тоог нэмнэ гэдгийг ч албаныхан хэллээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр одоогийн байдлаар нийт зургаан чиглэлд 12 алба хаагч морьт эргүүл хийж байгаа аж.
Морьт эргүүл тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм. Тиймээс 5-6 дугаар сард морьт эргүүлийн тоог 30 болгон нэмж, Горхи-Тэрэлжийн нутаг, зуслангийн бүс, Хан-Уул, Баянзүрх дүүрэг, Туул голын ай сав газраар ажиллахаар төлөвлөжээ.
Морьт эргүүл нь нэгдүгээрт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт голын ай сав газраар эргүүлд гарч байгаа цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрахаас урьдчилан сэргийлэх, гуравдугаарт, зочлох жилийн хүрээнд жуулчдад монгол ахуй соёл, уламжлалаа таниулах зорилготой.
Баяр наадмын үеэр морьт эргүүлийн тоог нэмж, уламжлалт соёлоо сурталчлан, жуулчдад таниулах үүргийг ч морьт эргүүлүүд гүйцэтгэх юм байна.