БНХАУ-ын Гуанжу хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн "Кантон" үзэсгэлэн яармагт Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл 25 иргэн оролцлоо. Олон улсын үзэсгэлэн яармагийн нэгдүгээр ээлжинд дэлхийн өнцөг булан бүрээс 10 сая гаруй бизнес эрхлэгч оролцжээ. Тэгвэл Баянхонгор аймгаас эрчим хүч, гэрэлтүүлэг, авто засвар, сэлбэг үйлчилгээ, цэвэр усны үйлдвэрлэл, сав баглаа боодол, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал дахин боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэл, автозам үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, цаашид эрхлэх сонирхол бүхий бизнес эрхлэгчид туршлага судалж, хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Үзэсгэлэн яармагийн үеэр "Алтан завьяа ундарга" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Насанжаргал эрчим хүч, гэрэлтүүлэг, гэрэлтүүлгийн үйлдвэрлэлийн чиглэлээр 27 газрын үйлдвэрлэл үйлчилгээтэй танилцаж, нэр бүхий дөрвөн газартай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл татан авах хэлэлцээ хийсэн байна.
Мөн "Ач од" ХХК-ийн авто засвар хариуцсан менежер Я.Цэдэнсодном авто засвар, сэлбэг үйлчилгээ, тоног төхөөрөмж татан авах талаар зургаан газартай холбоо тогтоож, "Арвижих суварга далай" нөхөрлөлийн дарга В.Дашпунцаг цэвэр усны үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхож дөрвөн газартай холбоо тогтоон, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн автомат тоног төхөөрөмж татан авахаар талуудтай яриа хэлэлцээр хийжээ.
Тэгвэл цэвэрлэгээ үйлчилгээний бүрэн автомат тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч Л.Насанбат нэр бүхий гурван газартай яриа хэлэлцээр хийсэн бол "Даян дуулим" ХХК-ийн захирал Д.Уранчимэг, "Танан хишиг" ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, "Их Богд зам" ХХК-ийн менежер Э.Одончимэг нар өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчидтэй захиалгын гэрээ хийх нөхцөлийг тус тус судалсан байна.
Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид ийнхүү дэлхийн үйлдвэрлэлийн хөгжилтэй танилцан, туршлага судалж, шат дамжлагагүйгээр талуудтай нүүр тулж уулзан яриа хэлэлцээр хийж, хамтран ажиллах боломжтой боллоо.