Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ. Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “...Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв.
Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв.
УИХ-ын гишүүнээр 2016-2020 онд сонгогдож ажилласан А.Ундраа хамт гарч ирэв. Түүнийг Хотын фракцын удирдлага М.Энхболдоос салдаггүй, садан төрлийн холбоотой ч гэгддэг. Дээрээс нь, нэлээд хэдийнээс Хотын орлогч байсан П.Баярхүү, 60 тэрбумын А.Ганбаатар зэргийн хүмүүс ажил төрлийг нь нугалаад зүтгэж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан, сүүлд “Эрдэнэс Монгол”-ын захирал байсан, Хотын фракцын нөлөө бүхий гишүүдийн нэг Д.Хаянхярваа Үндэсний эвслийн орон нутаг дахь үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дагалдан явах болсон. Эдгээрээс М.Энхболд Н.Номтойбаяртай хамт байгааг тодорхой харж болох юм. Энэ нь “...М.Энхболдынхон МАН-аас явжээ” гэх яриа гараад байгаагийн шалтгаан бололтой. АН-д бол “эргэн нэгдэлт” явагдаж, тус намынхан улам зузаарч буй бололтой. Бололтой ч гэж, “...АН-д Х.Баттулга нөлөөгөө тогтоосон” гэдгийг улс төрийн хүрээнд, ер нь хаа сайгүй л ярьж байна. Тэгж яриад удаж байна.
Энэ ч аргагүй юм. АН-ын хэд хэдэн бүтцийн байгууллага МоАх буюу Х.Баттулгын хүмүүсийн удирдлагад очсон. Тэгэхээр Х.Баттулга АН-д нөлөөтэй гээд тус намын удирдлагын үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч АН-ын одоогийн дарга нар түүнтэй зохих түвшинд “ярих” хэрэгцээ үүссэн гэсэн үг. Тиймээс ч намаасаа салж одсон олон гишүүн нь буцаж очиж байгаа аж.
Түүнчлэн АН ч юм шиг, бие даагч ч юм шиг олонд ойлгомжгүй явж ирсэн Н.Алтанхуяг намдаа эргэж нэгджээ. Цагтаа АН-ыг удирдаж, ялалтад хүргэж, Ерөнхий сайдаар ажиллаж явсан энэ эрхэм тус нам дахь “Алтангадас” фракцыг толгойлдог байв. Хэдийгээр “Алтангадас” нь албан ёсны үйл ажиллагаа явуулахгүй ч улс төрд олон жил бараандаа явсан хүмүүс нь АН-аа бараадаад эхэлсэн байна. Энэ нь “хүргэн” Г.Дэнзэнгийн АН дахь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа зэргээс тодорхой л харагдаж байна. АН-ын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга тэрбээр намынхаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалжээ. Тус ажлын хэсэг дээр хэлсэнчлэн мөрийн хөтөлбөрөө Х.Баттулга нарын боловсруулсан хөтөлбөр дээр суурилуулсан. Түүнийгээ “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” хэмээн нэрийдсэн. Г.Дэнзэн мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, мөрийн хөтөлбөр нь “Бүтэн Монгол” нэртэй болсон зэрэг нь АН-ынхны “эргэн нэгдэлт”-ийн хүрээнд хийгдсэн бололтой юм. Түүнээс гадна, улстөрчийн хувьд ам нь болдоггүй Н.Алтанхуяг “ах” намынхны дургүйг хүргэсээр Хөгжлийн банкны хэрэгт уягдсан. Гэсэн ч хоёр шатны шүүх түүнийг цагаатгаж, “..Намайг хэлмэгдүүлэхийг оролдож байна” гэснийг нь нотолж өглөө. Ямартай ч улс төрийн хүрээнд “…АН-д Н.Алтанхуягийнхан эргэж иржээ” гэж яригдаад байгааг дээрх үйл явдлуудтай холбож ойлгож болохоор байна.
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин