Ислам шашинтнуудын ариун сар "Рамадан" өнөөдөр эхэлж байна. Энэ нь исламын хижра он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр коран судрын анхны мөртүүд буусан сар юм. Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс /05.36 цагаас/ эхлээд нар жаргатал /19.06 цагхүртэл/ ганц балга ус ч уулгүй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, исламын шашинтан хүн бүрийн ариун үүрэг юм.
Шариатын хуулиар мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна. Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, мацаг барьсан хүмүүс бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм. Монголын казахуудын хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй.