Ойрын үед сошиал орчинд гадаад далайн эрэгт аялж зугаалсан монголчуудын зураг хөвөрч байна. Өвлийн энэ тэсгим хүйтэнд хорт утаанд бүрхэгдсэн Улаанбаатарынхаа хонхроос хэд хоног ч гэсэн холдож, халуун дулаан оронд амарч байгаа хүмүүсийг харах үнэхээр сэтгэлд өег байна. Гол нь очоод байрлах зочид буудлынх нь бүх зардал Монголоос 50 хувь хямд гэсэн. “Тэрэлж явснаас арал үзсэн нь дээр” гэх харьцуулалт аялаад ирсэн хүн болгоны амнаас гарч байна.
Энэ өвөл Вьетнамын Фукок арал их моодонд орж байгаа. Тэнд таван одтой зочид буудалд дөрвөн ам бүлтэй айл долоо хоногийн турш 2000 ам.долларт хангалттай тансаглачихаж байна. Зочид буудлын үйлчилгээ, хоол, унд нь манай таван одотуудтай жиших юм биш. Тийм болохоор Тэрэлж биш Фукок арал монголчуудаар дүүрчихээд байна шүү дээ. Энд ердөө стандарт л яригдана. Дэлхийн хаана хамгийн ихээр хүний урсгалыг татаж байна, тэнд олон улсын стандарт ягштал үйлчилдэг. Харин манайд энэ стандарт гээч нь зүгээр л барааны тэмдэг төдий болчихсон. Үүний тод жишээ нь аялал жуулчлалын салбар байна. Бид модон жорлонгоосоо салж, зочид буудлууд нь хүйтэн хоол, хөндий сэтгэлээр үйлчилдэггүй, амандаа орсон үнэ зохиож тогтоодоггүй болчихвол өнөөдөр нүүрсээ шанагадаад суухгүй.
Манай улс аль 2015 онд л “Өнөө жил нэг сая жуулчин авна” гэж зарлаж байсан даа. Түүнээс хойш бүхэл бүтэн найман жилийн дараа энэ амлалт нь дөнгөж 60 хувьтай биелж байх жишээтэй. Өнгөрсөн жил Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч рекорд тогтоолоо гэж байна. Өнөө жил энэ тоог давуулахын тулд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлнэ гэдгээ Засгийн газрын тэргүүн зарлачихав. Тэгэхээр одоо хэдүүлээ тооны араас хөөцөлддөг биш, стандартаа л сайхан тултал мөрдүүлье. Тэр цагт юун Фукок. Харин Монгол моодонд орно шүү.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
М.МӨНХЦЭЦЭГ