Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Баянхонгор аймагт Канад улсын Лаурел Мэс заслын сан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын хамтарсан баг нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр аймгийн эмч мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох, зөвлөгөө мэдээлэл өгч хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ хүрээнд аймгийн төвийн болон 20 сумын Эрүүл мэндийн төвийг түшиглэн иргэдийг нүдний урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт аймгийн хэмжээнд нийт 1231 иргэн хамрагдсанаас катаракт 292, далавчит хальс 97, бусад өвчлөл 24 илэрчээ. Үүнээс шаардлагатай 341 иргэнийг дахин үзлэгт хамруулж, мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж өгөөд байгаа аж.
Мөн БНСУ-ын Пусан хотын Южин нүдний шилний газрын хамт олон 10 дугаар сард Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн иргэд, өндөр настнуудын нүдний харааг шалгаж оношлон, харааны шил тааруулан илгээснийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус аймагт ажиллах үеэрээ иргэдэд гардуулан өглөө. Түүнчлэн харааны шил шаардлагагүй, хараа тааруулах боломжгүй иргэдэд нарны шилийг өөрсдийн сонголтоор өгч, харааны шилийг 582 хүнд, нарны шилийг 328 иргэнд тус тус хүлээлгэн өгсөн байна.