Дундговь аймгийн ЗДТГ, Үндэсний бөхийн холбооноос анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 99 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг 11 дүгээр сарын 25-нд Мандалговь хотноо зохион байгууллаа. Тус барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Б.Чимэдвандан нарын улс, аймгийн цолтой 48 бөх зодоглож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Улсын өсөх идэр начин Э.Даш зургаа даван түрүүллээ. Харин Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Улсын харцага Х.Гантулга үзүүрлэж, их шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн шалгарсан байна.
Барилдааны үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын начин Ц.Улаанхүү, бөх тайлбарлагч Ц.Батнасан болон энэ жил гадаад дотоодын тэмцээн, баяр наадмаар амжилт гаргасан бөхчүүд: улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин А.Алтанхуяг, аймгийн арслан Н.Амгаланбаатар нарт аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагнал, нутгийн брэнд “Агар” хувинг дурсгажээ.