Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас энэ оны гуравдугаар улирлын байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан "Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах" 5 гэмт хэрэгт хяналт тавьжээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь тус аймагт өмнөх онуудад үйлдэгдэж байгаагүй аж.
Уг хэргүүд ихэвчлэн олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан зураг, дүрс бичлэг, кино зэргийг хүүхдэд чатаар илгээх, уг чатыг ашиглан дарамталж, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэх хэлбэрээр үйлдэгдэж байгаа. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээ болон цахим орчинд хийж буй үйлдлүүдэд нь тавих хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг тус газраас анхааруулж байна. Аймгийн Прокурорын газраас дээрх 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байгаа ажээ.