Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Дэмбэрэл: Хамгийн оюунлаг хүнээ Боловсролын Сайдаар тавихгүй бол аль ч Засгийн ажил явахгүй нь ээ...


Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
 
Боловсрол ба төрийн оюунжилт
 
 
Төр шиг ТӨР гэж Та ямар төрийг хэлэв?
 
Хөгжлөөрөө цойлохын тухайд САЙН-УХААЛАГ-ОЮУНЛАГ ТӨР онц чухал. Монголчууд бидэнд Төрийн манлайлал ихээр үгүйлэгдэж байна. Манлайлдаг төрийг төр шиг төр гэнэ. Энэ нь цомхон атлаа удирдан манлайлдаг ОЮУНЛАГ ТӨР юм. Энд төр гэдэгт дарангуйлагч төрийг бус ардчилсан төрийг хамаатуулав. Оюунаар удирдахад олон хүн хэрэггүй ээ, харин ч цөөн байх тусмаа амар. Монголчууд ухаалаг төрийг онц ихээр хүсэмжилдэг.
 
БШУЯ-ны сайдаар унхиагүй нэгэн ирэхээр ерөөсөө ажлыг нь манай боловсролынхон бүх түвшиндээ дэмжихгүй болчихдог, багш нартаа IQ-ээрээ гологдсон, донгосдог сайд бол онигооны эзэн болох жишээний. Цаашид хамгийн оюунлаг хүнээ БШУЯ-д тавихгүй бол аль ч засгийн ажил явахгүй нь ээ.
 
Манай боловсролынхон хүнийг IQ-аар нь үнэлдэг болчихоод байгаа. Ер нь манай иргэд, ялангуяа, залуус төрийг үнэлэхдээ удирдагчдынх нь оюуны чадавхыг харгалздаг болжээ. Ардчилал угаасаа үүнийг шаардана. Монгол хүнд нэг сайн чанар байх шиг, IQ өндөртэй удирдагчийг бол алдлаа ч уучилдаг. Одоо дарангуйлсан төрөөр Монголыг удирдана гэвэл ёстой гонжийнжоо.
 
Монголчууд бид 1990 онд зах зээлийн эдийн засагтай болчихлоо... Одоо БАР, ЛУУ болох тун ойрхон байна гэж улсынхаа Ерөнхийлөгчтэй хамсаад бүгдээрээ дэвхцэн хөөрч байж билээ?
 
Зах зээлийн эдийн засагтай атлаа ерөөсөө урагшаа тууштай хөгжихгүй улс орнууд, тухайлбал, Африк тивд, Өмнөд ба Төв Америк, Ойрхи Дорнод болон далайн орнуудаар олноороо байна. Энэ юуг өгүүлнэ вэ?
Ганц эдийн засгийн зөв тогтоц байх хангалтгүй бөгөөд түүнийг үндэстнийх нь оюуны чадвар IQ-аар тэтгэдэг болохыг харуулна. Хаана үндэсний IQ илтгэцүүр өндөр байна, тэнд хөгжил ирдэг аж. Гэхдээ бусад хажуугийн хүчин зүйлүүд, гол нь төрийн манлайлалтай хосолсон боловсролын чанар хүчтэй нөлөөлдөг. Монголчуудын тухайд үндэстнийх нь IQ нэгэнтээ өндөр бөгөөд зах зээлийн эдийн засагтай тул хөгжих суурь нөхцөл бүрдээд байна. Одоо төрөө оюунжуулж, УХААЛАГ ТӨР-тэй болох аваас өндийнө. Үүний суурь нь чанартай боловсрол. Боловсрол нь чанаргүй бол хүн нь чанаргүй, түүнээсээ угшаад төр нь чанаргүй. Ингээд битүү гинж (чөтгөрийн тойрог гэх) үүсдэг.
 
 
Зах зээлийн эдийн засагтай бөгөөд үндэстний IQ нь өндөр, үүнийхээ ачаар урагш цойлсон улс орон хэр олон бол?
 
Уралдааны цээжинд хэдхэн хүлэг, тээр ард нь бөөн адуу харагддаг. Жам юм даа. 1948 онд дан цөл гэхүйц жижигхээн газарт бууриа хатгасан Израйль улс эдүгээ старт-ап компаниудаараа дэлхийд толгойлж буй. Нэг хүнд ногдох биетехнологийн гарааны компаниараа, бас нийт ажиллах хүчинд эзлэх эрдэмтэн, техникийн мэргэжилтэй хүний тоогоороо (10,000 хүнд 145 эрдэмтэн, техникийн мэргэжилтэй хүн) дэлхийд тэргүүлдэг. 70 жилийн дотор жүүд нар ингэж урагшаа цойллоо. Гэтэл тэдний яг хажууд нь байгаа Сири, Ливан, Йордан, Египет гээд Арабын улсуудыг хар. Энд газар нутаг, эрдэс баялаг, урт түүх огтоос нөлөөлөөгүй. Эдгээр улс бүгдээрээ зах зээлийн эдийн засагтай. Гол ялгаа нь үндэстний IQ боловсролынх нь чанар юм. Ашкеназийн жүүд нарын IQ=115 бол Сиричүүдийн IQ=87, Ливанчууд IQ=86, Йорданчууд IQ=87, Египет үндэстний IQ=83 аж. IQ-ын 30 нэгжийн зөрүү бол маш том ялгаа.
 
Тэгвэл яагаад өндөр IQ-тэй гэгддэг манай улс хөгжлөөрөө урагшаа цойлохгүй байна вэ?
 
IQ өндөр гэдэг нь бидэнд сайхан боломж байна аа л гэсэн үг. Энэ боломж бол нэг л нөхцөл. Тэрээр хүрэлцээтэй нөхцөл биш, харин зайлшгүй нөхцөл юм. Хүрэлцээтэй болгохын тулд бусад нөхцөлүүдийг нь бүрдүүлэх ёстой. Боломж өөрөө бодит байдал болчихгүй. Ухаалаг төр, онч менежмент, чанартай боловсролтой байж л тэрхүү сайхан боломжоо ажил хэрэг болгож чадна. Төр нь тэнэг, менежмент огтоос байхгүй, хуучнаараа л захиргаадан зүтгүүлдэг, задгайрсан боловсролтой байхад яагаад ч урагшаа цойлж чадахгүй.
 
Монголын боловсрол үндэстнийхээ оюуны чадамжийг тэтгэж чадахгүй байгаад л хамаг учир байна уу?
 
Өндөр IQ, Билиг Авьяас бол хаа хамаагүй жигд тархсан байдаг ч юм биш. Америк, Австрали, Африк, Европ, Ойрхи Дорнод гэх мэтийн тив, бүс нутгуудад өндөр IQ-тэй үндэстэн алга. Заяагаагүй юм чинь яах ч арга байхгүй. Гэтэл өндөр хөгжил эдүгээ АНУ, Европ-д байна. Тэгэхлээр, АНУ, Европын боловсрол хүнээ хөгжүүлдэг ажээ. Энэ бол том давуу тал мөн. Тэд дутуугаа боловсролоор нөхөж чадаж байна. Гэтэл үндэстний IQ өндөртэй орнууд Ази тивийн Зүүн Хойд хэсэгт голдуу оршдог. Зүүн Хойд Азийн (төрөлхийн өндөр IQ)-тэй, ундармал билиг авьастай үндэстнүүд төвлөрсөн) улсуудаас түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа нэг л улс байна.
Нэр нь МОНГОЛ.
 
Оюуны чадварын үзүүлэлт IQ-ээрээ Монголтой зэрэгцэх өөр үндэстэн энэ бүс нутагт байхгүй. Яахав, судалгааны ном товхимолд монголчуудын өмнө Япон, Хятад, Солонгос нарыг оруулдаг. Гэхдээ яалаа гэж дундаж монгол хүн дундаж япон, дундаж хятад, дундаж солонгосоос дор орох билээ. Зүгээр л ил тод байгаа баримт. Харамсалтай нь, Монгол улс хөгжлөөрөө сүүл барьж явна.
 
Яагаад гэвэл, бидний одоогийн боловсрол болбоос үндэстнийхээ оюуны өндөр чадамжийг тэтгэхгүй, харин ч арагш нь чангааж байгаа юм. Үүнээс бүх монгол хүн, Монголын төр дүгнэлт хийгүүштэй. Төр нь муу, зах зээлийн инстүүц нь буруу, түүнээсээ улбаалаад боловсрол, шинжлэх ухааны салбар нь ҮХЭЭНЦ болчихоод байна. Ийм орныг АРЧААГАА алдсан улс гэх. Иргэдийг нь үхээнц - дорой -арчаагүй гэнэ.
 
Монголчуудын энэ арчаагүй байдал мөд засрах болов уу, ирээдүй баргар л байх шиг?
 
Ирээдүйн сайн сайханд итгэж байж л холын ирээдүйг ярина. Бараг 100 жилийн өмнө Германы нэрт тархи судлаач Оскар Фогт (Vogt) “Хэрвээ байгаль цаг уурын ноцтой өөрчлөлт гарахгүй бол монголчууд XXI зуунд оюун ухааны чадамжаараа дэлхийд тэргүүлнэ” гэжээ. Тэрээр И.В. Сталинаас онц эрх авч В.И. Лениний тархийг судалж байсан ба ЗХУ-ын Тархины Хүрээлэн байгуулахад оролцсон профессор. 1930 оны сүүлч хавьд Фогтын гарт ийм том дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц тооны монгол тархи ямар замаар очив гэдэг нь сонин. Оскар Фогт-ын зөгнөлийг бодит биелэл болгох зайлшгүй том суурь нөхцөл нь саруул ухааны монгол боловсрол. Хэрвээ бид энэ ажлыг (саруул ухааны монгол боловсролыг бүтээх) хийхгүй бол дэлхийн хамгийн том тархитай, төрөлхийн өндөр IQ-тэй гэх атлаа хөгжлөөрөө хоцрогдсон, арчаагүй дорой хэвээрээ л байх болно. Бид ажил хиймээр байна аа. Монголчуудад байгалиас заяасан нэн ховор БОЛОМЖ-ийг одоо л биежүүлж, БОДИТОЙ болгох ёстой.
 
Монголчууд бид энэ арчаагүй байдлаа засъя гэвэл чухам яг ямар ажлаас эхлэх ёстой бол?
 
Юуны өмнө төрөө УХААЛАГ ОЮУНЛАГ болгох учиртай. Эгэл монгол хүн, тэр тусмаа сурагч багачууд маань ЭРҮҮЛ САРУУЛ байгаа. Тэд хөгжих, дэгжих гэхээр төрөөс өмнөх жилүүдэд тогтоосон элдэв журам дүрэм хоригуудаар гар хөлийг нь хүлчихсэн. Жишээ нь хөдөөгийн ЕБС-ийн өндөр IQ-тэй сурагч А, сайн багш Б хоёр. Сурагч А одоогийн ЕБС-ийнхаа хичээлүүдийг голно, илүү ихийг сурч мэдэж эзэмшмээр байдаг, ар гэр нь ахуй хангамжаар тийм ч муугүй, А-д жилд гурван сая төгрөг гаргаад өгчихөж өлхөн чадна, тэгээд А урагшлах гэхээр хөдөлгөхгүй, ядаж л гайгүй сурах бичиг өөрөө худалдаад авчихъя, сургуулийнхаа Б багшийг дагаад, хөлс төлбөрийг нь өгөөд нэмэлт хичээл үзээд ахичихъя, ирэх жилээс анги алгасаад дэвшчихье гэхээр бүх хөдөлгөөнийг нь хууль, журам, тогтоолоор хориглож, хүлсэн байна. УИХ-аар хэлэлцэж буй боловсролын ерөнхий хуулийн төсөлд сурагч А, багш Б хоёрыг хаашаа ч хөдөлгөхгүй байлгахаар заалт оруулан хүлэг гинжээ бүрчиг чангалжээ. Ёстой тэнэг байгаа биз, энэ төр. Манай төр газар ухдаг. Оюу толгойг ухах тусам дундарна, оюун ухааныг ухах тусам ундарна. Оюун ухааны энэ эринд хүн төрөлхтөн ОЮУНЫ ЧАДАМЖ-ийнхаа ачаар урагшилна.
 
Хэнд оюун, оюуны чадвар байна, түүнд ЭРХ - МӨНГӨ - ХҮЧ буй. Өнгөрсөн ЗО жилд бид төр шиг төртэй, тэр нь удирдсан шиг удирдсан бол өнөөдөр урагшаа ёстой суга хөгжих байсан. Боломж харагдаад байгаа юм чинь.
 
Хоёр Солонгосыг харъя. Хүн нь төрөхдөө яг адилхан. Гэтэл төрөөсөө болоод нийгмийн хөгжил нь тэмээ ямаа шиг өөр. Бүр сүүлдээ нөгөөх хүн нь бас өөр болчихдог ажээ. Бид БНАСАУ-ыг дуураймааргүй байх юм. Монголыг БНАСАУ-ын араас оруулах гэсэн санаархал манай ШУА-д хүчтэй байгаа нь миний сэтгэлийг зовооно. Тэдгээр хуучинсагууд ТӨР-д их ойрхон байдаг нь даанч гачлантай.
 
Хэлэх үг алга. Уг нь төр улдан чангаах биш, урагш нь чирэх үүрэгтэй баймаар?
 
Сурагч А, багш Б хоёр тохиролцоод урагшаа түрүүлэн гарахаар бусад зарим багш, эцэг эхчүүд хорсон зэвүүцнэ... тэгээд гомдол гаргана. Гомдлын гол санаа нь багш Б, сурагч А нар тусдаа хичээллэж, төрөөс ЕБС-д оноосон БҮГДЭЭРЭЭ ИЖИЛХЭН СУРАХ БИЧИГТЭЙ БАЙЖ АДИЛХАН СУРАХ даалгаврыг зөрчих боллоо. Багш Б эгэл ардын хүүхдэд заагаагүй зүйлээ сурагч А-д зааж байна, бидний хүүхдэд хэрэггүй юмсыг заахчаан аядаад дараа нь сурагч А-д өөр сайн зүйлсийг нууцаар хэлж өгдөг болжээ, сурагч А сүүлийн үед өссөн аж, боловсролын тэгш байдал манай ЕБС дээр алдагдлаа, багш Б-г энэ сургуулиас холдуулж өгнө үү, эсвэл БИД бослого гаргах уу??? Манай ТӨР унхиагүй.
 
Боловсрол нэгэнтээ задгайрсан тул манай түшмэлүүд бүрчиг аймхай болсон. Хэнд ч халгүй, хэнд ч хэрэггүй юмаар үг хэл багатай цаг нөхцөөхийг ажил гэж үздэг.
 
Тэгээд нэг журам гаргана, тэр нь, ЕБС-ийн багш, сурагчдын хооронд тохиролцох замаар нэмэлтээр хичээллэхийг хориглоно, өөр сайн сурах бичиг хэрэглэж болохгүй, ингэвээс тэр багшийг сурагчаа ялгаварлаж гадуурхсанд тооцож, ёс зүйгүй гэж үзнэ, үүнд ЕБС-ийн захирлууд хатуу хяналт тавина. Ингэхлээр хэн ч үл хөдөлнө. Хөдлөх аваас ажилгүй, сургуульгүй. Үйл ажил хөдлөхгүй болохоор ямар ч дэвшил үл ирнэ. Монголчууд өөрийгөө бодож хаяагаа манаж, цаг барна. Ийм л байна даа.
 
Манай боловсрол яагаад задгайрчихав аа?
 
Тоталитар тогтолцооны боловсролд бас ч гэж үлдээх юмс байжээ. Малчин, ажилчин, сэхээтэн гэх гурван давхаргын хүүхдийг жигд боловсруулж байсан. Ялангуяа орон нутгийн боловсрол тун дажгүй байжээ, одоотой харьцуулахад. Гэтэл өнгөрсөн жилүүдэд энэ гурав үндсэндээ нийгмийн доод, дундаас дооших давхарга болов. Ерөнхий боловсролынхоо контентоор л оролдох ёстой байтал тэгэлгүй, ЕБС-аа улс төрийн объект болгосон. ЕБС-ийн удирдлагыг улстөржүүлж сэгсэрсэн. Орон нутагт багш нар улстөржиж талцдаг болжээ. Ёстой болдоггүй юм юм чинь энэ байж. Үүнээс хэн хожив. Малчин ажилчин, дундаж сэхээтний хүүхдүүд бүгд хохирлоо. Эдүгээ орон нутагт боловсрол тун хүнд болоод байна. Хөдөөгийн боловсрол гэх нэршил бий болжээ. Орон нутагт хувийн ЕБС бараг байхгүй, байлаа ч төлбөрийн чадвар сул. Аймгийн төв, суманд буй төрийн ЕБС-уудыг хэдхэн гайгүй багш л үүрч байна. Тэд ёстой сэтгэлтэй багш нар. Уг нь манай багш нар бараг бүгдээрээ сэтгэлтэй, бас зүтгэлтэй байсан юмсан. Гадаадын судлаачид монголчууд та нар орон нутгаа мартаж, бантагнуулж, социализмын үеийнхээ түвшнийг алдсан чинь тун буруу гэж сануулаад байгаа. Бид бүгдийг нь нэгмөсөн задлах хэсэгчлэн чөлөөлөх, ингэхдээ турших ёстой байж. Боловсролоор, тэр тусмаа ерөнхий боловсролоор хамаагүй оролдож, улстөржүүлэх осолтой юм байна. Одоо л мэдэв. Цаашдаа энэ задгайрлыг хүчээр бус аргаар, хуулийн онч зохицуулалтаар л цэгцэлнэ. Өөр аргагүй.
 
 
Н.Отгончимэг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ